Хөлсгүй хөдөлмөр эдийн засгийн тогтвортой байдлын суурь болох нь

ТОЙМ
uranatuya@gmail.com
2023-05-11 14:28:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Асран халамжлах хөдөлмөрийн эдийн засагт оруулдаг үр нөлөөний талаар, энэ хөдөлмөрийг эрхлэгч эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг бодлогын түвшинд анхаарах цаг нэгэнт болсныг олон талаас нь хэлэлцсэн чуулган Улаанбаатар хотноо боллоо.


“Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулганыг “Монфемнет” үндэсний сүлжээ 14 дэх удаагаа зохион байгуулсан бөгөөд энэ удаагийнх “Асрахуйн эдийн засаг” сэдвийн хүрээнд өрнөв. Эмэгтэйчүүд, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, төрийн байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүд асрахуйн эдийн засагт яагаад анхаарал хандуулах шаардлагатай вэ гэдгийг олон өнцгөөс хэлэлцлээ. Тодруулбал, маш чухал боловч үнэлэмж нь сул байсаар байгаа асран халамжлагчид, эмэгтэйчүүдийн “нэргүй хөдөлмөр”-ийг үнэ цэнтэй болгоход юу хэрэгтэйг хөндөж чуулав. Эмэгтэйчүүдийн хийдэг асран халамжлах цалин хөлсгүй ажлыг хүлээн зөвшөөрч, асрахуйн эдийн засгийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх нь манайд маш чухал.


Эмэгтэйчүүдийн хувьд нэн тэргүүнд анхаарах асуудал чухам юу юм, түүнийг ямар арга замаар шийдвэрлэх ёстойг зөвхөн ярьж тодорхойлоод зогсохгүй, төр засгийн түвшинд, бодлогоор анхаарах цаг болжээ гэдгийг оролцогчид хэлж байлаа. Асрахуйн эдийн засаг гэдэг нь асаргаа, халамжаас хамааралтай бүлгүүд, тухайлбал хүүхэд, өндөр настан, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон ид хөдөлмөрийн насныхны бие махбодын, нийгмийн, оюуны болон сэтгэл санааны сайн сайханд хэрэгцээ шаардлагатай бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйлдвэрлэл, хэрэглээг хамардаг өргөн ойлголт аж.


Ажил хөдөлмөр эрхлэгч эмэгтэйчүүдийн ихэнх нь гэртээ цалин хөлсгүйгээр асарч, халамжлах ажлыг давхар хийдэг. Нэг ёсондоо тодорхой үнэлэмжтэй хөдөлмөр хийхийн тулд цалин хөлсгүй хөдөлмөрийн ачааг эмэгтэйчүүд, асран хамгаалагч нар байнга үүрч явдаг. Тэд халамжлах хөдөлмөрөөрөө дамжуулан эдийн засагт маш их үүрэг гүйцэтгэдгийг хүмүүс тэр бүр анзаардаггүй. Тийм ч учраас “Асрахуйн эдийн засаг” гэдэг ойлголтыг дэлхий даяар хэдийнээ бий болгон онцгой анхаарал хандуулдаг болжээ.


Харин манайд хүн амын өсөлт, насжилт, асаргаа, тусламж шаардлагатай хүний тооны өсөлт, төрөлтийн түвшин, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ доогуур зэргээс шалтгаалан асаргаа, халамжаас хараат байдал улам бүр нэмэгдэх хандлагатай болсныг судлаачид хэлж байна. Асран халамжлах үүрэг хүлээсэн эмэгтэйчүүд хувиараа хөдөлмөр эрхлэх, жижиг бизнес хийх, нийгмийн хамгааллын баталгаа багатай албан бус салбарт ажиллах хандлагатай байдаг. Хэдийгээр тэдний үнэ хөлсгүй ажил амьдралынх нь туршид байнгын хэрэгцээ шаардлагатай байдаг атал хэзээ ч үнэлэгддэггүй учраас бодлого, төлөвлөлтөд үл үзэгдэх, үл ойшоогдох, үл тооцогдох байдалтай байна. Асрах, халамжлах үйлчилгээний ажилчдын дийлэнх нь эмэгтэйчүүд ба цалин хөлс, нөхцөл байдал, статусын хувьд доогуур байгааг чуулганд оролцогсод ярьж байлаа.


Ажил хөдөлмөр эрхэлж байгаа эмэгтэйчүүдийн олонх нь цалин хөлсгүй ажил хийдэг байна.

Ерөөс эмэгтэйчүүд, асран хамгаалагчийн хөлсгүй хөдөлмөр нь эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжихэд хамгийн их хүч нөлөө, суурь баталгаа нь болж байдгийн зэрэгцээ үүрэг хариуцлага нь өндөр. Гэвч тэдний энэ их оролцоог жам ёсны л үүргээ гүйцэтгэж байгаа мэтээр анхаарлаасаа ямагт гадуур өнгөрөөдөг хайнга хандлага, тогтсон ойлголтыг халах цаг аль эрт болсон билээ. Үүнийг шийдвэрлэхийн тулд, асарч халамжлах ажил дахь жендэрийн тэгш бус байдлыг засч залруулахын тулд асрахуйн эдийн засаг гэдэг зүйлд төрийн бодлогоор анхаарал хандуулах нь чухал байгаа юм. 


Хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийг ижил тэгш оролцуулахын тулд цалин хөлсгүй хийгддэг асран, халамжлах ажлыг нь хүлээн зөвшөөрч, ачааллыг багасгах, цоо шинэ хуваарилалт бий болгох зайлшгүй хэрэгцээ бий. Өөрөөр хэлбэл, цалин хөлсгүй ажил нь эдийн засгийн гол хэсэг болохыг хүлээн зөвшөөрөхгүйгээр жендэрийн тэгш байдлыг хөдөлмөрийн харилцаанд тогтоох боломжгүй юм. Асрахуйн эдийн засгийн гол үүрэг хариуцлага эмэгтэйчүүдийн нуруунд тохогдож байгаа нь хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн тэгш бус байдлыг бий болгох суурь шалтгаан болж байгаа бөгөөд үүнээс үүдэн ажил эрхлэлтэд жендэрийн тэгш бус оролцоо, ажил, мэргэжлийн ялгарал, цалин хөлсний ялгаатай байдал зэрэг олон асуудал гарч ирж байна. Цалинтай болон цалингүй асрахуйн ажлыг хүлээн зөвшөөрч, бодлогоор шийдвэрлэхгүй бол эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо хязгаарлагдаж, хөдөлмөр эрхлэлт дэх жендэрийн тэгш бус байдал улам гүнзгийрнэ гэж эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд үзэж байна.


Өрх гэр болон ажлын байран дахь жендэрийн тэгш бус байдлыг арилгаснаар Монгол Улс эмэгтэйчүүдийн ажиллах хүчин дэх оролцооны түвшинг 63.2 хүртэл өсгөх боломжтой гэдгийг судлаачид хэлж байна. Ингэснээр нэг хүнд ногдох жилийн өсөлтийн түвшинг 0.5 хувиар нэмэгдүүлж, 30 жилийн дотор дотоодын нийт бүтээгдэхүүнийг 16.1 хувиар өсгөх боломжтой гэж үздэг байна. Тэгэхээр эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоог бага байдаг гэдэг нэгэнт тогтсон өрөөсгөл ойлголтыг өөрчлөх хэрэгтэй байгаа юм. Харин ч эмэгтэйчүүд, асран хамгаалагчид асарч халамжлах хөдөлмөрөөрөө дамжуулан гэр бүл, найз нөхөд, хамт олон, олон нийтийг хамтад нь бэхжүүлэн барьж байдаг. Тэдний асрах үүрэг нь бусдын эрүүл мэнд, боловсрол, бизнесийн амжилт, дараагийн ажиллах хүч бэлтгэгдэх зэрэг маш олон зүйлд хувь нэмрээ тасралтгүй оруулж байдаг эдийн засгийн гол суурь. Тийм учраас тэдний эдийн засаг дахь далд хэлбэрийн оролцоог тодруулж өгөх ёстойг эмэгтэйчүүд зоригтой илэрхийлэх болжээ.


Асран халамжлах ажил, байнга хийгддэг гэрийн ажлууд буюу энэхүү хөлсгүй хөдөлмөр нь нийгмийн тогтвортой байдлыг бий болгоход амин чухал зүйл нь байсаар ирсэн. Энэ бүхнийг анхаарлаас гадуур орхиж гээлгүйгээр үндэсний хэмжээнд анхаарах, хамгийн сайн арга замуудыг олж тодорхойлох, төр, засгийн бодлогод нөлөөлөх нь “Асрахуйн эдийн засаг” сэдвийн дор өрнөсөн энэ чуулганы гол зорилго нь байсан гэж дүгнэж болохоор байна.



Холбоотой мэдээ