Уул уурхайн биржийн хууль хэрэгжиж эхэлснээр зах зээлийн мэдээллийн сан бүрдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-05-12 11:01:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль энэ оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.


Үүнтэй холбогдуулан Монголын Хөрөнгийн бирж ТӨХК дээр бэлтгэл ажлыг хангах, холбогдох байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. Тус ажлын хэсэг нь:

  • Уул уурхайн бүтээгдэхүүн, түүнд суурилсан үүсмэл санхүүгийн хэрэгслийг бүртгэн арилжих,
  • тээвэр, агуулах, лабораторийн итгэмжлэлийн тогтолцоог бий болгох,
  • төлбөр тооцоог гүйцэтгэх зэрэг хуульд заасан журмын төслүүдийг боловсруулах,
  • арилжаа, клирингийн системийн бэлэн байдлыг хангах,
  • чанарын хяналтын тогтолцоо бий болгох үүрэгтэй юм.

Дээрх ажлын хүрээнд АНУ-ын Түүхий эдийн фьючерсийн арилжааны хорооны дэд захирал Кевин Пикколи журмын төслүүдэд санал зөвлөмж өгч, холбогдох мэргэжилтнүүдийг сургалт арга зүйгээр ханган ажиллажээ.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр манай улсад эрдсийн бүтээгдэхүүний экспортын худалдаа нээлттэй болж, тэр хэрээр худалдан авагч олширч, өрсөлдөөний зарчмаар зах зээлийн үнийг тогтоох боломжтой болох юм гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо. Тодруулбал, зөвхөн нүүрс бус, экспортод гаргаж буй хүдэр, баяжмал, бэлэн бүтээгдэхүүний арилжааг хийснээр уул уурхайн түүхий эд, баяжмал, бүтээгдэхүүний худалдаа, худалдааны тоо хэмжээ, нэр төрөл, үнэ, хураамж, төлбөр, татвар, ААН компаниудын гэрээ хийж, худалдаа хийж буй уул уурхайн салбарын мэдээ тайлан нээлттэй болох юм. Ингэснээр улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Хамгийн гол нь уул уурхайн бирж дээрх эрдэс баялгийн эрэлт нийлүүлэлтийн гол олон улсын зах зээлийн мэдээллийн эх үүсвэрийг авах, улмаар бирж нь уул уурхайн зах зээлийн мэдээллийн сан бүрдүүлэх юм.

Холбоотой мэдээ