Монгол-Солонгосын сэтгүүлчдийн хоёрдугаар форум Сөүл хотноо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2023-05-15 16:08:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Солонгосын сэтгүүлчдийн хоёрдугаар форум БНСУ-ын Сөүл хотноо эхэллээ.


"Дэлхийн цаг уурын өөрчлөлт байгаль орчинд хэрхэн нөлөөлж байна вэ? Түүнд сэтгүүлчдийн оролцоо" сэдвийн дор хоёр орны сэтгүүлчид хуралдаж буй. Дэлхийн дулаарал, түүнээс үүдэлтэй байгаль орчны асуудал нь хоёр улсын хувьд тулгамдсан асуудал болж буй. Үүнийг шийдэхэд сэтгүүлчид ямар үүрэгтэй оролцож, хэрхэн нөлөө үзүүлэх вэ гэдгийг энэ удаагийн хурлаар зөвлөлдөх юм. 

Монгол-Солонгосын сэтгүүлчдийн хоёрдугаар форумыг МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар нээж хэлэхдээ, "МСНЭ, Солонгосын сэтгүүлчийн холбоо хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах яриа эхлээд 10 жил, санамж бичиг зурж ажил хэрэг болгоод 9 жил болж байна. Энэхүү хамтын ажиллагааны эхлэлийг тавьж, мөн өнөөдрийн хэмжээнд хүртэл хөгжүүлсэн үе үеийн удирдлагуудад талархлаа. Хоёр байгууллагын хамтын ажиллагааг шинэ шатанд гарган хамтран ажиллаж буй Солонгосын сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Ким Дун Хун болон түүний багт талархаж байна. Энэхүү ахиц дэвшлийн хүрээнд энэхүү форумаар хоёр улсын сэтгүүлчид хоорондоо туршлагаа хуваалцсан, үр өгөөжтэй болно гэдэгт итгэж байна" гэв.  


Мөн форумын үйл ажиллагааг нээж Солонгосын Сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Ким Дун Хун, "Дөрвөн жилийн өмнө Улаанбаатар хотод бид чуулж байсан. Ковидын цар тахлын улмаас форум завсарлаад, ийнхүү хуралдахаар дахин цугларсанд таатай байна. Хоёр улсын байгаль орчны асуудалд сэтгүүлчид бидний оролцоо чухал юм. Энэ удаагийн хурлаар олон асуудлыг ярилцаж, шийдлийг эрэлхийлнэ гэдэгт итгэж байна" гэв. 

Форумаар МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр "Байгаль орчны сэдэвт сэтгүүлчийн манлайлал", МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч Ц.Мөнхбаатар "Цөлжилтийн эсрэг авч хэрэгжүүлж буй ойжуулалт, түүнд сэтгүүлчдийн оролцоо" сэдвээр, БНСУ-ын Байгаль орчны яамны харьяа Ой, байгаль орчны судалгааны төвийн цөлжилтийн эсрэг мэргэжилтэн, Грийнфийс олон улсын байгууллагын БНСУ дахь төвийн мэргэжилтнүүд "Дэлхийн дулааралд улс орны хохирол" сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэв. 


Монгол Улсын хувьд дэлхийн дулааралд хамгийн их өртөж буй орны нэг. Дэлхийн дулааралд сөрөг нөлөөг бага үзүүлж байгаа ч эргээд хамгийн их хохирол амсаж буй тухай Грийнфийс олон улсын байгууллагын мэргэжилтэн онцлон тэмдэглэв. Тухайлбал, аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн оронтой харьцуулахад хэдэн зуу дахин хохирч байгааг тодотголоо. 

Монгол Улсын цөлжилтийн эсрэг арга хэмжээ авч, тодорхой хэмжээний тусламж үзүүлэн ажиллаж буй орны нэг бол БНСУ. Тус улсын Байгаль орчны яам 1990 оноос хойш Монгол Улсад тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж иржээ. Тухайлбал, 2007-2016 онд Төв аймгийн Лүн, Өмнөговь аймгийн Даланзадгад, Баянзагт ойжуулах ажлыг хийжээ. Тус ажлын хүрээнд тодорхой газрыг ойжуулсан тухай танилцууллаа. 2017-2021 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажилд оролцож, дэмжлэг үзүүлжээ. БНСУ-ын Байгаль орчны яамны дэмжлэгтэй Ой хээрийн түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажлыг 2022-2026 онд хэрэгжүүлэх юм. Энэ мэт хоёр орны хооронд хийж буй байгаль орчны ажлаас гадна сэтгүүлчид Азийн бүс нутагт дэлхийн дулаарал хэрхэн нөлөөлж буй тухай санал бодлоо солилцож байна. 

Холбоотой мэдээ