Боловсролын зээлийн сангийн 363 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлөөгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-05-16 15:55:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадад сурсан 2368 суралцагч зээлээ эргэн төлөөгүй, сонгон шалгаруулалтгүй зээл авсан, 90 хувь нь өндөр албан тушаалтан, тэдний хамаарлын хүмүүс байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд асан О.Батнайрамдал хэвлэлийн хурлын үеэр онцлов.

Тэрбээр мэдээлэхдээ, “Би 2013 онд Харвардын их сургуульд тэнцэж Боловсролын зээлийн сангийн ярилцлагын гуравхан асуултад унаж байлаа. Тухайн үед уг сан бүгдэд хүртээмжтэй бус, хар хайрцаг шиг санагдсан юм. Боловсролын зээлийн санг анх 1993 онд санхүүгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай хүнд зориулан гаргаж, 1997 оноос гадаадад суралцах зээл олгож ирсэн. Үүнээс хойш 2368 суралцагчид 363 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Гэтэл бакалаврын түвшинд суралцахаар зээл авсан суралцагчдын 37 хувь нь дэлхийн ТОП-100 сургуульд багтаагүй, 56 хувь нь тэргүүлэх чиглэлээр сураагүй байхад зээл олгожээ. Мөн 7.7 тэрбум төгрөгийн зээлийг ямар нэгэн сонгон шалгаруулалтгүй олгосон” гэв.

БЗС-гаас зээл авсан зээлдэгчдийг зээлээ эргүүлэн төлөхийг иргэд, олон нийт хүчтэй шаардаж байгаа. Гэтэл зарим зээлдэгч БЗС-гаас зээл авсан ч сургуулиа төгсөж ирээд таван жил эх орондоо ажилласан тул зээлээс чөлөөлөгдсөн, зээл биш тэтгэлэг байсан зэргээр тайлбар өгч байгаа юм. Энэ тухай тэрбээр, “2008 онд боловсролын зээлийн сангийн зээлээр сураад таван жил ажиллавал чөлөөлөгдөнө гэж байсан бол, 2012 оны Засгийн газрын 19 дүгээр тогтоолоор үүнийг хүчингүй болгосон. Эх орондоо таван жил ажиллах, Сайдын тушаалаар зээл чөлөөлөх хуулийн үндэслэл байхгүй. Учир нь 2011 онд Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.8-д зааснаар Боловсролын зээлийн сангаас гадаадад сурахад авсан зээлийг эргэн төлүүлэх, чөлөөлөх журмыг зөвхөн УИХ-аас батална гэсэн байдаг. Гэвч одоог хүртэл УИХ-аас энэ журмыг гаргаагүй учир зээлээс чөлөөлөгдөнө гэсэн агуулга хуульд огт байхгүй” гэсэн юм.

БЗС-гаас олгосон бакалаврын түвшинд суралцах 421 оюутны 167 тэрбум төгрөг 100 хувь эргэн төлөгдөөгүй. Магистр, докторт 196 тэрбум төгрөгийн 99 хувийг эргэн төлөөгүй. Дээрх зээлдэгчийн 90 хувь нь өндөр албан тушаалтан, мэдээлэлд ойр хүмүүсийн хамаарал бүхий этгээд байна. Дээрх магистр зэргийн 196 тэрбум төгрөгийн зээлийн 40 хувийг буюу 867 оюутны зээлийг чөлөөлсөн гэдгийг тэрбээр тодотгов.  

Холбоотой мэдээ