Богд хааны ордон музейг Энэтхэгийн мэргэжилтнүүдтэй хамтран сэргээн засварлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-05-16 16:26:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын сайд Ч.Номин Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг Соёлын яаманд өнөөдөр хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд БНЭУ-тай хэрэгжүүлж буй соёлын хамтын ажиллагааны хүрээнд урлаг, уран бүтээл, утга зохиолын ажилтнуудын өргөн хүрээг хамарсан олон улсын фестиваль, форум зохион байгуулж байгааг талууд онцлон тэмдэглээд, цаашид хамтарч хэрэгжүүлэх ажлын хүрээнд санал солилцов. 

Тухайлбал, Соёлын сайд Ч.Номин түүх, соёлын дурсгалт мэргэжлийн урлагийн болон түүхэн, архитектурын барилга, музейг хүчитгэх, их засвар хийх ажлуудыг эхлүүлсэн. Улмаар түүх, ур хийц, архитектурын талаасаа барилгуудыг сэргээн засварлахад заавал олон улсын туршлагатай сэргээн засварлагчдын судалгаа, төлөвлөгөөнд үндэслэн хийж байгаа юм. Тиймээс энэ тал дээр БНЭУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлэв. Богд хааны ордон музейг засварлахад 2.6 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан бөгөөд сүүлийн нэг жилийн хугацаанд БНЭУ болон БНСУ-ын мэргэжлийн сэргээн засварлагчидтай хамтарч засварлах судалгааг хийсэн юм. Иймд тус ордон музейг сэргээн засварлахдаа өнгөрсөн хугацааны хамтын ажиллагаандаа үндэслэн тус музейн Лавиран, Найдан, Бурхадын сүм зэргийг засаж эхлэхээр болов. 

Түүнчлэн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлд багтах кино урлагийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Болливуудтай, нийт салбарын мэргэжилтнүүдийг хэлний болон мэргэжлийн сургалтад тэтгэлгээр хамруулах, сэргээн засварлагчдыг сургах зэрэг ажлыг хийхээр тохиролцов. 

Уулзалтаар Элчин сайд М.П.Сингх хоёр улсын соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр цаашид идэвхтэй хамтрахаа илэрхийллээ.


Холбоотой мэдээ