Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Словени Улсад айлчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2023-05-16 16:22:13
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 15-16-ны өдрүүдэд Словени Улсад айлчилж байна.


Айлчлалын хүрээнд 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Гадаад харилцааны сайд нар Любляна хотноо албан ёсны уулзалт хийж, Монгол, Словенийн харилцаа, хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн асуудлаар санал солилцов.


Талууд Монгол, Словенийн харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжиж, Гадаад харилцааны яамд хооронд Улс төрийн Зөвлөлдөх уулзалтын механизмтай болсонд баяртай байгаагаа илэрхийлэв. Цаашид өнгөрсөн 30 жилийн хамтын ажиллагааны ололт, амжилтаа бататгаж, Засгийн газар хооронд “Агаарын харилцааны хэлэлцээр” байгуулах, хувийн хэвшил хоорондын “Бизнес уулзалт”-ыг тогтмолжуулах, бизнес, аялал жуулчлалын салбарт хувийн хэвшил хоорондын харилцааг нэмэгдүүлэх, ойн менежмент, хиймэл оюун ухаан, мэдээллийн технологийн чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлэхээр тохиролцов.


Гадаад харилцааны сайд нар хүний эрх, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, дипломат албанд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь, идэвхтэй үйл ажиллагааны талаар санал солилцож, энэ оны 6 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах  “Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт”-ын талаар ярилцав.


Холбоотой мэдээ