76 дарга уу, илүү олон төлөөлөл үү?

ТОЙМ
uranatuya@gmail.com
2023-05-17 12:31:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буюу УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухай асуудал иргэд, олон нийтийн дунд сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв болон өрнөж байна.


УИХ-ын гишүүдийн тоог 152 болгож, далан зургааг мажоритар аргаар, далан зургааг пропорциональ аргаар сонгоно, харин Улсын Их Хурал нэг танхимтай хэвээр байна хэмээн өөрчлөн найруулах төслийн хэлэлцүүлэг хэд хэдэн удаа боллоо. УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаад, Үндсэн хуулийн өөрчлөлт нь зөвхөн эрх барьж буй МАН-ын асуудал бус парламентад суудалтай бүх намд хамаатай асуудал учир АН болон ХҮН-ын гишүүдтэй уулзаж, зөвшилцөж байж эцэслэхээр болсон. Ингээд өнөөдөр парламентад суух гишүүдийн тоог 152-оос бууруулан 126, холимог тогтолцоо 60/40 болгохоор намууд санал нэгдлээ. УИХ-ын гишүүд тойрог тус бүрийнхээ иргэдтэй энэ агуулгын хүрээнд ярилцаж санаа бодлыг нь сонсоход холимог тогтолцоог дэмжиж байгаа ч гишүүдийн тоо 152 байхыг дэмжихгүй гэсэн санал гарч байсан юм. Тийм ч учраас Засгийн газрын зүгээс нийгмийн шаардлага, уур амьсгалд нийцүүлэхээс өөр аргагүйд хүрч нэг талаар буулт хийж байгаа бололтой. 


Манай улсын хувьд эрх зүйн байдал болон тогтолцоо системээ өөрчилж сайжруулах шаардлага аль эртнээс бий болсон гэж хэлж болно. Одоогийн байгаа тогтолцоогоор бол ердөө 20 гишүүн нь товчлуур дарахад л улс орны хэмжээний чухал асуудлыг шийдчих хэмжээний эрх мэдлийн хэт төвлөрөл бий болсон. Цөөхөн хэдхэн хүний гарт төр улсын асуудлаа даатган суудаг тогтолцооны хэлбэрээс татгалзаж, нийт олны эрх ашгийг төлөөлдөг чадамжтай парламентыг хөгжүүлэх нь зүй ёсных. Хэдийгээр иргэдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарч байгаа ч энэхүү холимог тогтолцооны агуулга, мөн чанар нь ялангуяа өнөөгийн манай нийгмийн хувьд хүлээгдэж байгаа хэрэгцээ шаардлага билээ.


Ер нь бол Монголын парламент үүрд 76 гишүүнтэй байна гэсэн зүйл байхгүй. Хүн ам өсөхийн хэрээр гишүүдийн тоог нэмэх зүй тогтлыг баримтлах нь ойлгомжтой. Гишүүдийн тоо өслөө ч тусгай хангамж, эрх ямба, төсөв мөнгийг нь хасаж танаад зохицуулчихвал УИХ-ын гишүүний суудалд улайран зүтгэх шаардлагагүй болно гэж үзэж бас болохоор байгаа юм.


Монгол Улсын Үндсэн хуулийг 1992 онд хэлэлцэж батлахдаа нэг гишүүн дунджаар 27 мянган иргэнийг төлөөлөхөөр тооцоолж, 76 гишүүнтэй байхаар хуульчилсан байдаг. Гэтэл одоо нэг гишүүн дунджаар 44.7 мянган иргэнийг төлөөлж байна. Нэг ёсондоо нэг гишүүний төлөөлөх иргэдийн тоо бараг хоёр дахин нэмэгдсэн байна. Энэ хэрээр парламентын төлөөлөх чадамж буурчихсан яваа. Тийм учраас хүн амын тэнцвэртэй төлөөллийг парламентад оруулах нь гишүүдийн хэт томорсон эрх мэдлийн хүрээ хумигдаж, харин чадамж нь хоёр дахин нэмэгдэнэ. 76 гишүүний 39 нь хуралдаад, тэдний 20 улс орны эрх ашигтай холбоотой асуудлыг шийддэг тогтолцоо байгаа цагт парламент худалдагдахад дэндүү амархан бөгөөд ард түмний хүлээлтийг хэзээ ч гүйцэлдүүлэхгүй нь ойлгомжтой. Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хуваарилалт, хяналтыг бий болгохын тулд гишүүдийн тооны асуудлыг хөндөх нь зайлшгүй хэрэг.

Манай улс сонгуулийн мажоритар тогтолцоог 1990 оноос ашиглаж байгаа. Энэ тогтолцооны сул тал болох сонгогчдын санал гээгдэх, улс төрийн жижиг нам парламентад суудал авч чадахгүй байх, улмаар улс төрийн цөөнхийн оролцоог хангаж чадахгүйд хүрэх гэх мэт гажуудлыг арилгах шаардлага урган гарсаар байна.

 

Мажоритар тогтолцооны хувьд том намуудад л давуу тал үүсгэдгээс бус сонгогчдын санал парламентад тусгалаа олдоггүй сөрөг талтай. Нэг ёсондоо нэг нам дангаарших үйл явцыг тэтгэж өгдөг байна. Сонгуулийн санхүүжилт ч маш ихээр шаардагддаг. Хамгийн наад зах нь л гэхэд өнөөдөр манайд улс төрийн 36 нам байгаа боловч УИХ-ын сонгуульд 20 хүрэхгүй нам нь өрсөлдөж, сонгогчдын дэмжлэгийг дээд тал нь 6 улс төрийн нам л авдаг. Парламентын тогтолцоонд шилжсэнээс хойш нийт 8 удаагийн сонгууль явагдахад 6 сонгуульд нь МАН олонхи болж, дангаараа болон хамтран ЗГ-аа байгуулж байсан түүхтэй.


Гишүүдийн тоог нэмэх тухай асуудал өнөөдөр л яригдаж байгаа зүйл бас биш юм. Анх 1991 онд Ардын Их Хурлын чуулганаар 76, 102, 120-150 гэсэн тоонууд яригдаж байсан. Мөн сүүлд 108, 99 байх боломжтой гэсэн саналуудыг ч УИХ-ын гишүүн асан С.Батболд, Н.Батбаяр, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар өргөн мэдүүлж байсан билээ.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, энэ удаагийн сонгуулиар үнэмлэхүй хэмжээний үеийн өөрчлөлтийг хийнэ гэдгээ хэлж байсан. Тэрбээр “Бид энэ асуудал дээр маш нухацтай хандах ёстой. Хамгийн гол нь зөв, тэгш өрсөлдөөнийг бий болгох ёстой. Манайх тодорхой хэмжээгээр засаглал, эрх зүйн хямралд орсон нь үнэн. Өнөөдөр хагас парламент, хагас ерөнхийлөгчийн засаглалтай байлаа гээд бид хаана ч хүрэхгүй. Ийм загвартай улс орон энэ дэлхийд хоёр гуравхан загвар бий. Тэр нь бүтэлгүй загварууд. Урт хугацааны төлөвлөлт хэрэгтэй. Бид бүх зүйлийг олон нийтэд таалагдах гэж хийх ямар ч боломжгүй. Тогтолцоо нь болохгүй байгааг нь мэдсээр байж дараа үедээ зовлон хүлээлгэж өгөх ёсгүй. Болохгүй зүйлийг засаж залруулахын тулд өөр дээрээ гал аваад ч хамаагүй засаж сайжруулах ажлыг хийх л хэрэгтэй” гэж байр сууриа илэрхийлжээ. Иргэдийн дунд нэр хүнд нь унасан ч жагсаалтаар сонгогдон орж ирдэг хүмүүс энэ өөрчлөлтийн үр дүнд парламентад суудал эзлэхгүй, харин чадварлаг, өндөр боловсролтой залуусаар хүрээгээ тэлэх магадлал өндөр.

Хөрөнгө чинээтэй бүлэглэл, эрх ашиг өндөртэй томхон бизнесүүдийн сонирхлоос тойргуудыг ангид байлгах нь өнөөгийн бидний хүсээд байгаа зүйл. Үүний тулд хяналт өндөртэй, шалгуур сайтай, нийгмийн бүлэг бүрийн оролцоог хангаж чадсан сайн парламентын тогтолцоог хүлээн зөвшөөрч бий болгох нь өнөөдрийн бидэнд ногдсон үүрэг гэж хэлж болно. Холимог тогтолцоо нь мажоритар болон пропорциональ тогтолцооны аль алиных нь шинжийг агуулдаг учир сонгуулийн үр дүнд алдаа гарах магадлалыг эрс бууруулдаг байна.

Хувь тэнцүүлэн хуваарилах холимог тогтолцооны гол эерэг тал нь олон намын төлөөлөл парламентад орж ирэх нөхцөл илүү ихээр бүрдэж өгнө. Мөн улс төрийн нэг намын давуу эрхийг хязгаарлахаас гадна сонгогчдын санал гээгдэх явдал эрс багасах, цөөнхийн төлөөлөл орж ирэх боломж нээгдэнэ. Орон нутгийн бодлого, төлөөлөл орхигдохгүй, сонгуулийн зардал буурах, зөвхөн МАН, АН гэсэн хоёрхон нам биш, олон намын төлөөлөл, нийгмийн олон бүлгийн төлөөлөл сонгогдох боломжтой. Ингэж байж хяналт сайжирна. Түүнчлэн гадаадад байгаа иргэд сонгох эрхээ эдлэхийн зэрэгцээ намууд популист амлалтаар бус, бодлогын нам болж төлөвшин, сонгуулийн зардал ч буурна. Мэдээж өөр өөр ашиг сонирхлын бүлгүүд нэг парламентад орж ирснээр зөрчилдөөн үүсэх гэх мэт сөрөг талууд гарч ирэх нь ойлгомжтой хэрэг. Гэсэн ч холимог системийн үр дүнгээр олон нийтийн хяналт бий болж, ил тод байдал нэмэгдэн авлига, хуйвалдаан, нутгархах хандлага гэх мэт олон асуудал аяндаа багасна гэсэн үг. Парламентын гишүүдийн эрх мэдэл хэдий хэр их байх тусам авлига, хуйвалдаан гаарч, цөөн бүлэглэлийн нөлөөлөл тогтох муу тал руу хэлбийдэг байна. Энэ муу талыг хазаарлах оновчтой хэлбэр, шалгарсан арга нь сонгуулийг холимог системээр явуулах явдал гэдгийг олон улсын туршлага харуулдаг байна. Ялангуяа манайх шиг хөгжиж буй ардчилсан оронд.


Ямар нэгэн бүлэглэлд барьцаалагдаагүй, улс болон иргэдийнхээ төлөө шударгаар ажиллаж чадах хүмүүсийг парламентад сонгоход холимог тогтолцоо тус болдог аж. Хэрэв гишүүд аль нэг бүлэглэл, хувийн эрх ашгаа өндөрт тавьдаг хөрөнгө чинээтэй хүмүүсийн нөлөөнд автсаар байх юм бол парламент өөрийн үүргээ гүйцэтгэж ер чадахгүй. Тойргийг маш хямд төсөр худалдаж аваад л эрх ашгаа гүйцэлдүүлсээр байх болно. ХБНГУ-ын Хууль зүйн сайд асан Херта Дойблер-Гмелин “Холимог тогтолцоо бол хөрөнгөтний эрх мэдлийг хязгаарлаж, нийгмийн давхарга бүрийн төлөөлөл парламентад орж ирэх боломжийг бий болгодог хамгийн оновчтой арга хэрэглүүр” гэдгийг онцлон хэлжээ.


Иргэдийн төрд итгэх итгэл хэдийчинээ сулрах тусам нийгэм, эдийн засгийн, цаашлаад эрүүл мэнд, соёл, боловсрол гэх мэт бүх салбар хазайж хэлбийж эхэлдэг байна. Үнэндээ манайд ийм л байдал үүсчихсэн. Аймаг, дүүрэг бүр тус тусдаа УИХ-ын гишүүн гэсэн их эрх мэдэл бүхий том даргатай, тэд тойрогтоо ч хангалттай хүрч ажиллаж амжихгүй бэлгэ тэмдэг төдийхөн байсаар сонгуульт хугацаагаа өнгөрүүлдэг нь нууц биш. Уг нь бол улс оронд хэн нэгэн эрх мэдэлтэн бус, иргэдийн төлөөлөл болж, сум баг бүрт хүрч ажиллаж чаддаг парламентын төлөөлөгч хэрэгтэй юм. Ард түмний сонгосон төрийн төлөөлөл чадамжгүй байгаагийн гол шалтгаан нь сонгуулийн тогтолцооны тохиргоо таарахгүй байгаатай холбон тайлбарлаж болно. 



Холбоотой мэдээ