Геологи, хайгуулыг дэвшилтэт технологи, аргачлалаар гүйцэтгэх хамтын ажиллагааг эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2023-05-17 15:11:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УУХҮ-ийн сайдын урилгаар геофизикийн судалгаагаар дэлхийд тэргүүлэгч "Xcalibur" компанийн гүйцэтгэх захирал Андрес Блэнко тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирж, хамтран ажиллах боломжийг судалж байна.


Салбарын яамны төлөөлөл Канад Улсад болсон PDAC 2023” үйл ажиллагааны үеэр тус компанийн төлөөлөгчидтэй уулзан, хамтран ажиллах талаар хэлэлцжээ. УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар зочдыг хүлээн авч уулзан, орчин үеийн дэвшилтэт технологи, аргачлалаар агаарын геофизикийн судалгааг нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсэгт хийх зорилготойгоо танилцуулж, хамтын ажиллагааны боломжийг ярилцлаа.


Айлчлалын хоёр өдөр зочид Монгол Улсын Ерөнхий сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд, Эдийн засгийн байнгын хорооны дарга нартай уулзаж, хамтын ажиллагаа, уул уурхайн судалгаа, эрэл, хайгуулын төслүүдтэй танилцаж, туршлага солилцож байгааг УУХҮЯ мэдээлэв. 


"Xcalibur" нь ашигт малтмалын суурь судалгааг агаарын геофизикийн аргаар богино хугацаанд, сүүлийн үеийн тоноглол бүхий нисдэг тэрэг, нисгэгчгүй нисдэг төхөөрөмж ашиглан гүйцэтгэж, иж бүрэн дата мэдээлэл боловсруулдаг. Дэлхийн 13 улсад салбартай бөгөөд АНУ, Австрали, Япон, Саудын Араб, Гана, Нигери, Колумби, Уганда зэрэг улсад урт, богино хугацааны судалгааг Дэлхийн банк болон бусад хөрөнгө оруулагчтай хамтран гүйцэтгэж байсан туршлагатай аж.  

Холбоотой мэдээ