ХЭНТИЙ: Нийтийн эзэмшлийн талбайд мод тарьж ургуулсан иргэдийг урамшуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-05-19 19:24:24
Хэнтий /МОНЦАМЭ/ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Бүх нийтээр мод тарих ажлыг энэ сарын 18-нд зохион байгууллаа.
Хэнтий аймаг ИТХ-ын 2022 оны аравдугаар хуралдааны 07 дугаар тогтоолоор “Гучин сая мод” хөтөлбөр батлан хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, ИТХ, байгууллагын албан хаагчид Чингисийн хаалганаас нааш замын урд болон хойд талд улиас мод тарилаа.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Бүх нийтээр мод тарих ажлыг зохион байгуулах, нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр Хэнтийнхэн дараах ажлыг төлөвлөөд байгаа юм.
Тодруулбал, Гэр бүлийн хүрээнд мод тарих ажлыг бүх нийтийг хамруулан зохион байгуулж “Өрх бүр ногоон төгөл” аяныг хэрэгжүүлэх, нийтийн эзэмшлийн талбайд мод тарьж ургуулсан иргэдийг урамшуулах, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд цэцэрлэгт хүрээлэн, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд мод тарих газар, мод үржүүлгийн газрыг төлөвлөж тусгах, Хөдөлмөр халамж үйлчилгээний газартай хамтран “Ногоон ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд мод тарих, арчлах, хамгаалах ажлыг зохион байгуулах, цэргийн дүйцүүлэх алба хаагчдыг мод тарих ажилд дайчлан оролцуулах, Сум, тосгодын төвийн ногоон байгууламжийг арчилж ургуулах, хамгаалах ажлыг байнгын эзэнжүүлж хариуцлагажуулах, Орон нутгийн өмчид бүртгэлтэй усны машин, ус хадгалах сав зэргийг сумын болон сум дундын ойн ангиуд, мод үржүүлгийн газруудад хуваарилах ажлыг зохион байгуулахаар тус тус төлөвлөжээ.
Холбоотой мэдээ