“TikTok” Монтана муж улсын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-05-23 14:50:22

ВАШИНГТОН. /France24/. Хятадын “TikTok” компани АНУ-ын Монтана муж улсад дүрс бичлэг хийж хуваалцдаг аппликейшнд нь тавьсан хоригийг хүчингүй болгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.


Тус компани “TikTok”-ийг хориглох тухай хуулийг Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх эрх чөлөөг зөрчсөн, Хятадын Засгийн газар хэрэглэгчдийн мэдээлэлд нэвтрэх боломжтой байж болзошгүй гэсэн “үндэслэлгүй таамаглалд” тулгуурласан гэж үзжээ.


Өнгөрсөн долоо хоногт таван контент бүтээгч мөн Монтанагийн эсрэг нэхэмжлэл гаргасан бөгөөд тэд тус муж улсыг үндэсний аюулгүй байдлын асуудалтай холбогдуулан арга хэмжээ авах эрхгүй гэх зэрэг TikTok”-ийн нэхэмжлэлтэй ижил үндэслэлүүдийг дэвшүүлжээ. Хоёр нэхэмжлэлийг Монтана муж улсын Мизула хотын шүүхэд гаргасан байна.


Монтана муж улсын захирагч Грег Жанфорте “TikTok”-ийг хориглох тухай хуулийн төсөлд өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт гарын үсэг зурсан юм. Харин контент бүтээгчид түүнээс хэдхэн цагийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргажээ. TikTok”-ийг хориглох тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.


TikTok” нь АНУ дахь хэрэглэгчдийнхээ мэдээллийг Хятадын Засгийн газартай хуваалцаж байгаагүй, цаашид ч хуваалцахгүй бөгөөд америк хэрэглэгчдийн мэдээллийг АНУ-д хадгалах зэргээр хэрэглэгчдийн хувийн нууц, аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байна гэж тус компани мэдэгджээ. 

Холбоотой мэдээ