Японы Ерөнхий сайд НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцох төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-05-25 11:22:45

ТОКИО. /NHK/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио ирэх долоодугаар сард болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөж байгаа талаар Засгийн газрын эх сурвалжууд мэдээлэв.


Эх сурвалжуудын мэдээлснээр, К.Фүмио Литва улсад болох дэлхийн хамгийн том цэргийн эвслийн уулзалтад түнш орны төлөөлөгчийн хувиар оролцох бодолтой байгаа ажээ. Оросын өдүүлсэн дайн үргэлжилсээр байгаатай холбоотойгоор уулзалтын үеэр Украинд дэмжлэг үзүүлэх талаар голчлон хэлэлцэх төлөвтэй байна.


Япон улс энэ сарын эхээр Хирошима хотдоо “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан билээ. Литвад хүрэлцэн очих үеэрээ К.Фүмио Япон улс Украины асуудлыг зохицуулахад үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж буйг илэрхийлэхийг зорьж байгаа ажээ.


Түүнчлэн Орос, Хятад хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хандлагатай байгаа тул К.Фүмио НАТО-той харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаа юм байна. Тэрбээр Европ болон Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал салшгүй холбоотой гэсэн Японы байр суурийг цохон тэмдэглэх төлөвтэй байна.


К.Фүмиогийн хувьд НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад хоёр дахь удаагаа оролцох гэж буй нь энэ юм. Тэрбээр өнгөрсөн оны зургаадугаар сард уг уулзалтад оролцсон Японы анхны Ерөнхий сайд болсон билээ. 

Холбоотой мэдээ