Цөмийн физикийн судалгааны төвийг академич Н.Содномын нэрэмжит болгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС-ийн захирал, ШУА-ийн ерөнхийлөгч асан, Монгол Улсын гавьяат багш, академич, профессор Н.Содномын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн ажиллагаа энэ сарын 25-нд боллоо.
Тэрээр Монголын физик, техникийн шинжлэх ухаан, тэр дундаа цөмийн физик судалгааг үндэслэгч эрдэмтэн билээ. Түүний энэхүү гавьяаг өндрөөр үнэлж, МУИС-ийн захирлын А/220 тушаалаар Цөмийн физикийн судалгааны төв (ЦФСТ)-ийг Н.Содномын нэрэмжит болгохоор шийдвэрлэв.
МУИС-ийн захирлын тушаалыг гардуулж, нэрэмжит болгох үйл ажиллагаа ЦФСТ-д болов. Энэхүү үйл ажиллагаанд МУИС-ийн захирал Д.Бадарч, МУИС-ийн эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал Б.Баяртогтох, ЦФСТ-ийн удирдлага, ахмад багш нар, эрдэмтэн судлаачид болон Н.Содномын үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсөд оролцов.
Энэ үеэр Н.Содномын үр хүүхдүүд ЦФСТ-ийн өмнө аавынхаа дурсгалын хөшөө босгох шавь тавьж, мод суулгасан юм.