Нобелийн шагналт К.С.Новоселовыг "Хубилай хаан" медалиар шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-05-27 18:39:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нобелийн шагналт, физикч Константин Сергеевич Новоселовт ШУА-ийн дээд шагнал "Хубилай хаан" медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Профессор К.С.Новоселов хатуу биеийн физик, материал судлалын чиглэлээр 380 эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлжээ. Нобелийн хорооны хэвлэлийн бага хурал дээр эрдэмтний шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг “...Нүүрстөрөгчийн атомын дан үеэс тогтох графен нь жинхэнэ хоёр-хэмжээст материал, физикийн шинэ үзэгдлийг харуулсан, маш нимгэн, бат бөх, хөнгөн, тунгалаг бөгөөд дамжуулагч шинж чанартай тул нимгэн дэлгэц, нарны зай, уян чанар бүхий электроник, композит материал, дан молекулын хийн мэдрэгчид, ДНХ -ийн дарааллыг тогтоох зэрэг маш өргөн хэрэглээтэй юм” гэж цохон тэмдэглэжээ.

XXI зууны технологийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж, аж үйлдвэрийн V хувьсгалын үндсэн “түүхий эд” болох цоо шинэ материалыг нээсэн гавьяаг үнэлж, профессор К.С.Новоселовыг Монгол Улсын ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” одонгоор ийнхүү шагнаж байгаа юм.

Холбоотой мэдээ