ОХУ-ын сурагч Игорь Потапов: Монгол физикчдийн зохиосон бодлого хүнд боловч сонирхолтой байлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-05-28 15:41:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, "Монголд зочлох жил"-ийн хүрээнд Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиад шилдгүүдээ тодруулж, шагнал гардууллаа. Шагнал гардуулах ёслолын үеэр шилдгээр шалгарсан зарим оролцогчоос сэтгэгдлийг нь сонссон юм.


Физикийн шинжлэх ухааны нэр дор эвлэлдэн нэгдэж, харилцан суралцаж, хамтдаа хөгжсөн, нөхөрлөсөн, өгөөжтэй, үр дүнтэй өдрүүд болж өнгөрсөн хэмээн оролцогчид хэлж байлаа.


Үнэмлэхүй аваргаар шалгарсан БНХАУ-ын сурагч Ланг Ченг Чао: Физик сонирхоод гурван жил болж байна. Бодлогын хувьд бага зэрэг хэцүү байлаа. Бодлого бодож байхдаа сандарч, чадлаараа хичээсэн. Хятадад болдог физикийн тэмцээнд оролцож байсан. Монголд анх удаа ирж байна. Агаар нь хуурай, салхитай юм. Өглөөний цайнд өгдөг сүү нь таалагдсан. Мөн хүмүүс нь найрсаг юм.


Туршилтын бодлогын ялагчаар шалгарсан ОХУ-ын сурагч Игорь Потапов: Монгол физикчдийн зохиосон бодлого, асуултууд хүнд боловч сонирхолтой байлаа. Түүнийг бодох нь надад сайхан туршлага боллоо. Монголд зөндөө олон зүйл үзэж сонирхсон. Монгол Улс маш их таалагдлаа, үзэсгэлэнт байгальтай сайхан орон юм. Харамсалтай нь, энэ хугацаанд монгол найз нөхөдтэй болж чадсангүй. Малайзад ирэх жил болох тэмцээний үеэр монгол найзтай болно гэж найдаж байна.

  

Энэтхэгээс ирсэн 12 дугаар ангийн сурагч Друв Шах: Азийн физикийн олимпиадад ирж байсан хамгийн сайн  бэлдсэн асуултын нэг байсан нь сонирхолтой байлаа. Хэцүү байсан ч гэсэн бодох нь гоё байсан. Бид Энэтхэгээс тавуулаа ирсэн. Монгол Улс үзэсгэлэнт байгальтай юм. Энэ дэлхий дээрх хамгийн дуртай газрын маань нэг Монгол Улс боллоо. Үнэхээр их таалагдлаа.

 

Саудын Арабын сурагч Ахмед Самеер Фадлаллах: Азийн физикийн олимпиадад анх удаа оролцож байна. Онолын бодлого маш сонирхолтой, хамгийн хэцүү нь хоёрдугаар асуулт байсан. Туршилтын асуулт бодож сэтгэх шаардлагатай байсан. Олимпиадын зохион байгуулалт сайн, ёс зүй нь таалагдлаа. Олимпиадын үеэр ажиллаж буй хүүхдүүд бидний үе тэнгийнхэн байсан учраас тэдэнтэй уулзаж нөхөрлөх боломж гарсан. Үзэж харах зүйл ихтэй байлаа. Монголд анх ирэхэд хасах нэг хэмийн хүйтэн байсан. Манай улсад нэмэх 40 хэмийн дулаан байгаа. Өчигдөр бороо орсон гээд цаг уурын олон өөрчлөлт орж байгаа нь сонирхолтой байлаа. Мөн биднийг ресортод аваачсан, тэнд гоё байсан. Монгол бүжиг үнэхээр таалагдсан.

Холбоотой мэдээ