"Эрдэм хакатон 2023"-д 32 төсөл өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-05-30 16:29:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БШУЯ-ны дэмжлэгтэй ШУА-иас "Монголын инновацын 7 хоног”-ийн хүрээнд жил бүр зохион байгуулдаг “Эрдэм хакатон 2023” тэмцээний нээлт өнөөдөр боллоо.


Тус тэмцээн Инновацын тэргүүлэх чиглэл /2020-2025/-ийн хүрээнд нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, шинжлэх ухаанд суурилсан, цаашид үйлдвэрлэлд нэвтрэх боломжтой, оюуны өмчийн эрх бүхий инновацын төслийг шалгаруулж хөрөнгө оруулалтаар дэмжих зорилготой.


Энэ жилийн хувьд цар хүрээ нь өргөжиж Европын холбооны санхүүжилттэй “Бүгд залуусын төлөө, залуус бүгдийн төлөө” төсөл, СЭЗИС, Эрдэнэт Шинжлэх ухаан технологийн парк, Европ Дархан инновац, энтрепренершип төв, Мэдээлэл технологийн үндэсний парк, Стартап Монгол ТББ-тай хамтран зохион байгуулж байна. 


"Эрдэм хакатон" нь Инновацын  тэргүүлэх 5 чиглэл болох Мэдээллийн технологи, Шинэ материалын технологи, Биотехнологи / үйлдвэрлэлийн технологи, Сэргээгдэх эх үүсвэртэй эрчим хүчний технологи, Үндэсний онцлог бүхий соёлын инноваци, бүтээлч үйлдвэрлэл гэсэн чиглэлийн хүрээнд оюуны өмч бүхий бизнес төслүүд өрсөлддөгөөрөө онцлогтой,  шалгуур өндөртэй тэмцээн байдаг.  Анх 2017 онд ШУА-ийн судлаачдын дунд 500 мянган төгрөгийн шагналын сантай эхэлж байсан уг тэмцээн өдгөө салбар салбарын энтрепренер судлаач оролцогчдын хүсэн хүлээдэг үйл ажиллагаа болсон. Түүнчлэн төслийн тоо, чанар болон шагналын сан ч жилээс жилд өссөн гэдгийг нээлтийн үеэр ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын дарга А.Баярбаатар онцлов.


Тус тэмцээнд өнөө жил 60 орчим оролцогч 32 төслийн санал ирүүлжээ. Нээлтийн үеэр Ард Секюритиз ҮЦК-ийн гүйцэтгэх захирал Ц.Бархас “Бизнес төслөө амжилттай танилцуулах нь” сэдвээр оролцогчдод  зөвлөгөө,  сургалт өглөө.


Эдгээр оролцогч өнөөдрөөс ирэх сарын 3-нийг хүртэл  энтрепренёр ур чадвар суулгах сургалт, менторуудын чиглүүлэг зөвлөгөөний дагуу төслөө боловсруулахад суралцах юм. Улмаар ирэх сарын 5-ны өдөр төслүүдийн дүнг хэлэлцэж 5 төслийг шалгаруулна. Тэргүүн байрт шалгарсан төсөлд БШУ-ны сайдын нэрэмжит 20 сая төгрөг, дэд байрт ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит 10 сая төгрөг, гуравдугаар байрт бусад хамтрагч байгууллагуудын нэрэмжит 5 сая төгрөгийн грантыг олгох юм.


Ташрамд дурдахад, "Эрдэм хакатон"-ы хаалтын өдөр буюу ирэх сарын 5-ны өдөр тус тэмцээнээс өмнөх жилүүдэд шалгарсан төслүүдийн  үр дүнд бий болсон инноцавцын  бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргах аж.  







Холбоотой мэдээ