АНУ-ын хууль тогтоогчид өрийн таазын талаар санал хураана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-05-31 16:08:14

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Засгийн газрын захиран зарцуулах мөнгө дуусахад долоо хүрэхгүй хоногийн хугацаа үлдээд байгаа энэ үед Конгрессын Төлөөлөгчдийн танхим улсын өрийн дээд хязгаарыг өсгөх тухай хуулийн төслийн талаар лхагва гарагт санал хураах төлөвтэй байна.


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккарти нар Бүгд найрамдах намынхны шаардаж буй зардлаа танах зэрэг буулт хийх арга хэмжээнүүдэд дэмжлэг авахаар ажиллаж байна. Мягмар гарагт Төлөөлөгчдийн танхимын дүрмийн хороо уг хууль төслийн талаар санал хураалт явуулах зөвшөөрөл олгожээ. 


Төлөөлөгчдийн танхимд Бүгд найрамдах намынхан ялимгүй олонхын, Сенатад Ардчилсан намын гишүүд ялимгүй олонхын суудал эзэлдэг, мөн хоёр намын жигүүрүүд хэлэлцээрийн нөхцөлүүдэд сэтгэл дундуур байгаа тул дээрх хуулийн төслийг батлахад хангалттай дэмжлэг авч чадах нь тодорхойгүй байна.


Өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд Жанет Йеллен Конгресс зургаадугаар сарын 5 гэхэд өрийн дээд хязгаарыг өсгөхгүй бол Засгийн газар санхүүгийн үүргээ биелүүлж чадахгүйд хүрнэ гэдгийг анхааруулсан юм. Түүнчлэн өрийн таазтай холбоотой шийдвэрийг “эцсийн мөч хүртэл хойшлуулах” нь бизнес эрхлэгчид, хэрэглэгчдийн итгэлийг хөсөрдүүлж, АНУ-ын зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлж болзошгүй” гэдгийг сануулсан билээ.

Холбоотой мэдээ