Хүндэт мэргэн Д.Жамбын нэрэмжит хүүхдийн сурын харваа 24 дэх жилдээ болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хүндэт
мэргэн харваач Даржаагийн
Жамбын нэрэмжит Хүүхдийн сурын тэмцээнийг жил бүр эх, үрсийн баярын өдөр зургадугаар сарын 1-нд Монголын Үндэсний харваачдын холбоо, харваачийн
үр хүүхэд, ач зээ нар хамтран зохион байгуулж ирсэн юм.
Тэмцээн эдүгээ
24 дэх удаагаа болж
байна. Сурын талбайд өнөөдөр
эхэлсэн уг тэмцээнд хамгийн хол харвасан хүүхдийг “Есүнхэй мэргэн”,
хамгийн мэргэн буюу ганц сурыг оносон хүүхдийг “Эрхий мэргэн”-ээр шалгаруулах
зэргээр онц сонирхолтой, үзүүштэй болж байна.
Тэмцээнд нийслэл,
орон нутгаас нийт 140 гаруй мэргэн харваач хүүхдүүд 4 насны төрлөөр өрсөлдөж байна.
Хүүхдийн энэхүү харвааг Хүүхдийн баярын өдөр жил бүр зохион байгуулахыг Хүндэт харваачийн том хүү, Монгол Улсын төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог анх санаачилжээ.
Өнгөрсөн 24 жилийн хугацаанд, энэхүү уламжлалт тэмцээн нь
үндэсний сурын харвааг хүүхэд багачуудад түгээн дэлгэрүүдэх, харваач
хүүхдүүдийг дэмжин, хөгжүүлэхэд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд эдүүгээ
хот хөдөөгийн харваач хүүхдүүдийн оролцох хамгийн дуртай тэмцээн болсон байна.
Монгол Улсын хүндэт мэргэн Д.Жамба: Нумандаа ч мэргэн, номдоо ч мэргэн байгаарай, хүүхдүүд минь.
Д.Жамба (1914-2002) нь бага наснаас эцэг Дотнын Даржааг даган
үндэсний сурын харваагаар хичээллэж эхэлсэн бөгөөд түүнээс хойш 70 гаруй жил
үндэсний сурын спортоор тасралтгүй, тууштай хичээллэж, улсын наадам, мөн
үндэсний сурын улс болон бүсийн томоохон тэмцээнүүдэд тогтмол амжилт гаргаж
байсан, Монголын Үндэсний
Харваачдын холбооны
(МҮХХ)-ны Анхны
хүндэт Мэргэн харваач юм.