ЗАВХАН: Хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхдүүдэд эрх зүйн туслалцаа үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-06-02 17:14:21

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймгаас улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, улмаар цагаатгагдсан 2633 хүн байна. Монголын түүхэнд хамгийн их хар мөр үлдээсэн эмгэнэлт үйл явдал бол улс төрийн хэлмэгдүүлэлт билээ.

Энэ хэлмэгдүүлэлтэд Завхан аймгийн олон иргэн өртсөн. Хэлмэгдүүлэлтэд өртсөн иргэдийн 90 гаруй хувь нь лам хувраг байна. Дахин давтагдашгүй Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг. Гэхдээ бид нэг өдөр тэмдэглээд мартаж болохгүй юм. Хойч үедээ ийм гашуун түүх байсан юм шүү. Ирээдүйд давтагдах ёсгүй гэдгийг ойлгуулах, соён гэгээрүүлэх үүргийг аймгийн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс анхаарч ажилладаг. Тиймээс эдгээр иргэдийнхээ нөхөх олговрыг хуулийн хугацаанд олгох, нэр төрийг нь сэргээх ажил маш чухал юм.  


Завхан аймгийн хэмжээнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 2600 хүнээс 1800 хүн цагаатгагдсан. Цагаатгагдсан эдгээр иргэнээс, 428 иргэний ах дүү төрөл төрөгсөд нь нөхөх олговор авахаар материал бүрдүүлснээс 327 иргэн 327 сая төгрөгийн нөхөх олговрыг авсан.



Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд 2018 онд нэмэлт өөрчлөлт орж, тус хуулийн нэмэлт өөрчлөлтөд хамаарах 21 иргэнийг улсын нэгдсэн санд бүртгүүлж, нөхөх олговрын материал бүрдүүлэн шүүхийн шийдвэр гарч 16 иргэнд 880 сая төгрөгийн нөхөх олговрыг 2021 онд олгуулсан байна.

Улсын хэмжээнд 1922-1990 оны хооронд улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн иргэдээс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 31357 иргэнийг цагаатгаад байна. Харин Завхан аймгаас улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, улмаар цагаатгагдсан 2.633 хүн байна.



Завхан аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах  комиссоос Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд “Нөхөх олговор олгох тухай хууль” болон түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хуулиудыг сурталчлах, хэрэгжүүлэх, хяналт тавих ажлыг зохион байгуулж байна.

Мөн хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхдүүд, ач, зээ нарт нөхөх олговрын материалыг бүрдүүлэхэд нь хууль эрх зүйн туслалцааг үзүүлж байна.   


-Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд 2018 онд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар нэмэгдсэн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалт буюу хэлмэгдүүлэлтийн хор уршгийг өөрийн биеэр мэдэрч, түүний эхнэр (нөхөр), төрсөн болон үрчилж авсан хүүхэд 40-80 сая төгрөгийн нөхөх олговор олгох ажлын хүрээнд, нөхөх олговор нэхэмжлэгч улсын хэмжээнд нийт 976 хүнд 59 тэрбум 20,0 сая төгрөгийн нөхөх олговрыг өгчээ


Харин Завхан аймгийн хэмжээнд хуулийн нэмэлт өөрчлөлтөд хамрагдах материалаа бүрдүүлэн өгсөн 22 хүнд нөхөх олговор болох 1 тэрбум 120.0 сая төгрөгийг 2023 оны нэгдүгээр сарын байдлаар олгосон байна.


Хэлмэгдэгсдэд зориулж,

Завхан нутгаас төрж гарсан хутагт хувилгаадаас улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хутагтын гэгээн дурсгалыг мөнхжүүлэх ажлын хүрээнд, Завхан орон нутгийг судлах музейд 10 хутагтын эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйл, намтар түүхийг харуулсан танхимыг анх 2010 онд тохижуулснаас хойш иргэд энэ танхимыг үзэж сонирхон мэдээлэл авдаг болжээ.


Мөн Улиастай хотод 2014 оны намрын адаг сарын шинийн 5-ны билэгт сайн өдөр Очирваань бурхны хувилгаан, Жалханз хутагтын 20-р дүр, Монгол Улсын Ерөнхий сайд агсан Дамдинбазарын түмэн өлзий гийсний 140 жилийн ой, Дэмчиг бурхны хувилгаан Дилов хутагтын 7-р дүр Б.Жамсранжавын 130 жилийн ойг тохиолдуулан, түүхт хувилгаадын гэрэлт хөшөөг нь бүтээн нээж байв.

2022 онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн гэгээн дурсгалд зориулсан дурсгалын баганыг Улиастайд байршуулан цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэх ажлыг жил бүр зохион байгуулдаг болжээ.

Харин улсын хэмжээнд,

Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын 21 аймгийн хэлмэгдэгчдийн тухай номыг тухайн аймгийн салбар комисстой хамтран бүтээхээр ажиллаж байна. Түүнчлэн дээрх ажлын хүрээнд “Гэмшлийн гэрэлт зам” нэртэй нэвтрүүлгийг 21 аймгийн түүх мэдээлэлд үндэслэн бэлтгэж, нийтэлж байгаа аж. 


Гэмшлийн гэрэлт зам” нэрийн учир, Хэлмэгдсэн хүмүүсийн ард тэдний хань ижил, үр хүүхэд, хэдэн үеэрээ хохирсон, нэг насаараа адлуулсан, насаараа эсэргүүгийн хүүхэд гэж хэлүүлж, нутаг орноосоо дайжсан, овог нэрээ хүртэл сольсон тохиолдол их байдаг. Цагаатгалын ажлын үед ирсэн өргөдөл гомдол, захианд их өгүүлсэн байдаг. Хэдийгээр сүүлд цагаадсан ч гэсэн тэр хүмүүсийн туулсан зовлонт амьдралыг буцаах, тэр түүхийг өөрчлөх боломж бидэнд үгүй. Ийм аймшигт түүх ахин давагдах ёсгүй. Иймээс өнгөрсөнд бид гэмшиж байна. Үнэн түүхийг нь үр хойчдоо үзүүлж, соён гэгээрүүлж ирээдүйн замаа бид гэрэлтэй байлгах ёстой гэсэн утга санааг илэрхийлж ийн нэрлэсэн юм гэж Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга С.Одонтуяа хэлжээ.


“Гэмшлийн гэрэлт зам" цуврал нэвтрүүлгийн эхний дугаарыг 2022 онд Завхан аймгийн Алдархаан сумын нутагт орших Яруугийн хүрээ хийдээс бэлтгэн олон нийтэд хүрсэн гэж Завхан аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах  комиссоос мэдээлэв.  


Яруугийн хүрээний туурь


Яруугийн хүрээ Завхан аймгийн төв Улиастай хотоос баруун тийш 17 километрт Яруугийн голын эрэг, Улиастай-Донойн нисэх буудлын замын урьд талд төвхнөж байжээ.  

Энэхүү хүрээ нь 17 дуган, 14 суварга, 13 жастай бөгөөд эхэн үедээ 813, тарах үедээ 2000 орчим лам хувраг үлэмж хэмжээний мал хөрөнгөтэй байж. Энд гол төлөв Чойрын ном Ганжуур, Данжуурын 108 боть зэрэг их хөлгөн судар номууд хурдаг бөгөөд энэ үед бусад дацангаас ч лам нар ирж хурал номд оролцдог томоохон төв байсан юм.

Яруугийн хүрээний олон дацан сургуулиуд нь тус тусын чиглэлээр эрдэмт олон лам нарыг бэлтгэн гаргадаг байсан.


Мөн Энэтхэг, Төвөдийн мэргэдийн зохиол бүтээлийг орчуулах, тайлбарлахын зэрэгцээгээр шашны гүн ухааны зэрэг сэдвээр зохиол бүтээл туурвидаг өндөр боловсрол, мэдлэг ухаанаараа нутаг хошуу төдийгүй Монгол даяар алдар нь түгсэн маарамба оточ нар төрөн гарсан аж.


Гэвч их хэлмэгдүүлэлтээр эдгээр эрдэмтэн лам нарын нэлээд хэд нь хэлмэгдсэн төдийгүй хэдэн мянган жилийн соёлын өв  устсан нь харамсалтай. 

Ташрамд, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд иргэд олон нийтийн саналыг авч байгаа аж. Энэ хуулийн төсөлд санал өгөх бол, https://d.parliament.mn/.../19f24472-57f7-4cd7-9a5c... холбоосоор орж саналаа өгөх бөгөөд, tsauzbuk@gmail.com цахим хаягаар санал хүсэлтээ ирүүлэх боломжтой.

Холбоотой мэдээ