Какүрюү Анандын зодог тайлах ёслол өнөөдөр болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-06-03 14:29:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Токио хотын бөхийн өргөө Кокүгикан ордонд ёкозүна Какүрюүгийн зодог тайлах ёслол болно.

Монгол Улсын гавьяат тамирчин, ёкозүна Какүрюү М.Ананд 2021 оны хаврын тэмцээнд зодог тайлсан билээ. Түүнээс хойш 2 жилийн дараа албан ёсоор зодог тайлах ёслолоо хийж байгаа нь энэ.


Тэрбээр хамгийн сүүлийн удаа ёкозүнагийн дохёнд гарах ёслолоо хийж, сүмо бөхийн магэ үстэйгээ салах ёслол хийх юм. Энэ ёслолд хэрэглэх аваргын цүна олсыг Мичинокү дэвжээнийхэн бэлтгэжээ.


Какүрюү М.Ананд “Ёслол хийгээгүй удсан байна. Бие хаа ч суларчээ. Зургаадугаар сарын 3 хүртэл хүчний бэлтгэл хийж, булчин шөрмөсөө чангалахгүй бол олон хүний өмнө ичгэвтэр зүйл болно. Сүүлчийн ёслолдоо нутгийн дүү Кирибаямагаа дагуулан гарна. Тавдугаар сарын тэмцээнд Кирибаяма озэки болчихвол ёстой сайхан. Озэки дүүтэйгээ цуг дохёнд гарах болно” гэж сэтгүүлчдэд ярьж байсан нь биеллээ олж өнөөдөр шинэ озэки Киришиматай хамт дохёнд гарах нь.


Их аварга Какүрюү М.Анандын багш 2019 оны есдүгээр сарын 16-нд нас барсан билээ. Изүцү дэвжээ Ёкозүна их аварга Какүрюү М.Анандаас гадна санданмэ, жонидан зиндааны хоёр бөхтэй юм.


Сумо бөхийн холбооноос багшгүй болсон Изүцү дэвжээг хааж, бөхчүүдийг нь өөр дэвжээнд шилжүүлэх шийдвэр гаргасан бөгөөд дэвжээгээ хаалгахыг хүсээгүй Какүрюү нэг галын бусад дэвжээний туслах ояката нараас дэвжээ удирдах хүн хайсан ч олдоогүй байна. Тиймээс Сумогийн их аварга Какүрюү М.Ананд дэвжээгээ өвлөн авахын тулд Монгол Улсын иргэншлээс татгалзаж, Япон Улсын иргэн болох хүсэлтээ Монгол Улсын төрийн байгууллагуудад гаргасан байдаг. Ингэснээр М.Ананд аваргын хувьд Япон Улсын иргэншлийг сонгосон сумо бөхийн дөрөв дэх их аварга болсон юм.


Үүнээс өмнө Монгол Улсаас сэкивакэ Кёкүтэнхо Н.Цэвэгням, Асасэкирю Б. Дашням, Хакүхо М.Даваажаргал нар тус улсын иргэншил авсан билээ.


Какүрюү М.Анандын хувьд 2012 оны 3 сард озэки, 2014 оны 3 сард ёкозүна цол хүртсэн юм.

Хэйсэй эринд төрсөн 10 ёкозүнагийн дотор Какүрюүгээс бусад нь бүгд зодог тайлах ёслолоо хийсэн.

Зодог тайлах ёслолынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ М.Ананд “Зургаан нас хүрсэн хүүтэйгээ барилдахаар бэлтгэл хийж байгаа. Маш том ёслол тул ганцаараа биш маш олон хүний дэмжлэгтэйгээр хийх болно” гээд зодог тайлах ёслолын дараах төлөвлөгөөнийхөө тухайд Юуны өмнө турж, жингээ хасна. Одоо 148 кг байгаа, 120 болтол багасгах хүсэлтэй байна. Дуртай хувцсаа өмсөхийн тулд турмаар байгаа” гэсэн байна.


Холбоотой мэдээ