ХОВД: Байгууллагууд ажлын байрны дасгал хөдөлгөөн тогтмол хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-06-06 12:21:59

Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын дунд өнөөдөр "Ажлын байрны дасгалыг хэн сайн хийх вэ" сэдэвт тэмцээн зохион байгууллаа.

Тэмцээнд 10 орчим байгууллагын 100 гаруй ажилтан, албан хаагч оролцож, ажлын байрны дасгал хөдөлгөөнөө хийж, сонирхууллаа.

Сүүлийн жилүүдэд иргэдийн дунд илүүдэл жин, таргалалт огцом нэмэгдэж байгаа нь хөдөлгөөний хомсдол, зохисгүй хооллолттой холбоотой. Иймээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, ажлын байрны дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж хэвшихэд энэхүү тэмцээн чухал ач холбогдолтой.

Тэмцээний зохион байгуулагчаар Ховд аймгийн Эрүүл мэндийн газар, Биеийн тамир спортын газар, Жаргалант сум хамтран ажиллалаа.

"Ажлын байрны дасгалыг хэн сайн хийх вэ" тэмцээн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй "Эрүүл Монгол Хүн" үндэсний хөдөлгөөн, "Цаг гаргая" биеийн тамирын үйл ажиллагаа, Эрүүл мэндийн яамнаас зарласан "Энэ жилдээ-Эрүүл жиндээ" аяны хүрээнд ийнхүү өрнөсөн юм.  

Өнгөрсөн хугацаанд "Цаг гаргая" аяны үйл ажиллагаанд Ховд аймгийн 37200 орчим иргэн нэгдэн оролцжээ. Харин "Энэ жилдээ-Эрүүл жиндээ" аяны хүрээнд 30 удаагийн сургалтаар дамжуулан 3500 гаруй иргэнд эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөний ач холбогдлыг таниулах зөвлөгөө мэдээлэл өгч, орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлсэн байна. Мөн аяны хүрээнд байгууллагууд өглөө бүр алхалт, дасгал хөдөлгөөн хийж хэвшиж байгаа юм. 

Цаашдаа мөн эрүүл идэвхтэй амьдралын хэв маяг, дадал зуршлыг бий болгох нөлөөллийн ажил, биеийн тамир, спортын олон талт үйл ажиллагаа зохион байгуулах бөгөөд байгууллага, хамт олон, иргэдийг дасгал хөдөлгөөн тогтмол хийж, эрүүл мэндээ хамгаалахад цаг гаргахыг дээрх тэмцээнд оролцогчид уриаллаа.  

Холбоотой мэдээ