“Монголын соёлын долоо хоног” Пёнтэг хотноо болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-06-06 12:28:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Кёнги аймгийн Пёнтэг хотноо энэ сарын 3-9-ний өдрүүдэд “Монголын соёлын долоо хоног”-ийг Пёнтэг хот, тус хотын олон улсын солилцооны сангаас тус Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

 

Пёнтэг хотын олон улсын солилцооны сан 2021 оноос хойш дэлхийн улс орнуудын түүх соёлыг БНСУ-д сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх зорилгоор сурталчилгааны ажлыг цувралаар зохион байгуулж, энэ удаа манай улсыг сонгосон юм.

 

 “Монголын соёлын долоо хоног”-ийн нээлт энэ сарын 3-нд болж, монгол, солонгосын олон иргэн нээлтийн үйл ажиллагааг үзэж сонирхов.

Нээлтэд Пёнтэг хотын Засаг дарга Жон Жан Сон, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Жамбалсүрэн, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Пёнтэг хотын олон улсын солилцооны сангийн захирал Ли Гван Ү, Үндэсний Ассамблейн гишүүн Юү Ы Дун нарын албаны төлөөлөгчид оролцов.

Элчин сайд Э.Сарантогос хэлсэн үгэндээ “Монголын соёлын долоо хоног” үйл ажиллагаа нь Монгол эх орныг маань найрсаг солонгосын ард иргэдэд танилцуулахад, улмаар манай хоёр улсын ард иргэдэд найрамдал нөхөрлөлөө мартагдашгүй дурсамжаар бататган бэхжүүлэхэд тус дэм болно гэдэгт эргэлзэхгүй байна” гэв.

Нээлтийн үеэр Солонгос дахь Монгол сургуулийн сурагчид монгол бүжгийн үзүүлбэр, Төв аймгийн “Туургатан” хамтлаг язгуур урлагийн дээжээс сонирхуулсан бол солонгосын залуус таеквондогийн тоглолт, хөгжмийн номер үзүүлэв.

Мөн энэ сарын 4-ний өдөр тус ЭСЯ-ны атташе П.Содгэрэл солонгосын 100 гаруй хүүхэд залуучуудад Монголын тухай яриа хийв.

Соёлын долоо хоногийн үеэр монголын язгуур урлагийн тоглолт, монгол хоол, монгол гэр, үндэсний хувцас, үндэсний тоглоомын танилцуулгыг хийж байна.

Пёнтэг хот, Төв аймаг 2021 онд нөхөрсөг хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм













Холбоотой мэдээ