ГОВЬ-АЛТАЙ: Бигэр сум дахь “Шимт элс” бөөрний сувилал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-06-06 12:50:09

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Бигэр бөөрний сувилал нь 1979 оны нэгдүгээр сарын 20-ны үед Бор голын хөвөөнд анх байгуулагдсан. Анхны нэр нь “Таван элс” юм. 

Эдүгээ тус сувилал “Шимт элс” нэртэй бөгөөд Улаанбаатар хотоос 960км, Бигэр сумын төвөөс урагш 17 км-т орших эртний хотын туурин дээр тогтсон “Таван элс” хэмээх газар байрладаг. Нэг ээлжиндээ 100 хүн хүлээн авах хүчин чадалтай. Сувиллын зорилго нь зохих заалт бүхий өвчнийг намжилтын үе шатанд нь хүлээн авч илааршуулах, хурц өвдөлтийн үеийн зайг холтгох, өвдөлтийг бууруулах, бөөрний өвчний тал дээр зөвлөгөө мэдээлэл өгөх зорилготой.


Бигэр сум нь эргэн тойрондоо Бурханбуудай, Баянбуурал, Хөх сэрхийн нуруугаар хүрээлэгдсэн хонхорт оршдог ба нутгийнхан мөнгөн амсарт тэвш хэмээн нэрлэдэг. Салхи шуурга бага, цаг агаар тогтуун, дулаан байдаг учраас эмчилгээ, сувилгааны үр дүн сайн байдаг. 


Тус элсэн сувилалд ирж сувилуулж болох өвчний заалт:

-Архаг бөөрний түүдгэнцрийн өвчний далд хэлбэр (бөөрний үйл ажиллагаа алдагдсан, эсвэл бага зэрэг буурсан, сийвэнгийн креатинин 154ммоль/л-ээс ихгүй)

-Архаг бөөрний түүдгэнцрийн өвчний даралт ихдэх хэлбэр (170-110мм МУБ-аас ихгүй)

-Архаг бөөрний түүдгэнцрийн өвчний хавагнах хэлбэр илэрхий протеинемигүй, шээсний уураг протеинеури 3г/л-ээс ихгүй.

Архаг гломерулонефритийн хэлбэр 180/110 МУБ-аас ихгүй, ретинопатигүй

-Цочмог бөөрний түүдгэнцрийн үрэвслээр өвчилснөөс хойш 6 сарын дараа

-Бөөрний архаг дутагдлын 1-р зэргийн эхэн үе

-Бөөрний тэвшинцрийн архаг үрэвсэл (эмчийн заавраар)

-Мэргэжлийн эмчийн заалт бүхий бусад өвчлөлтэй хүнийг хүлээн авч, эмчилгээ сувилгаа үзүүлдэг ажээ.

Холбоотой мэдээ