Аймгийн Засаг дарга Жаргалантад ажиллалаа

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2016-09-11 20:28:42

Баянхонгор аймгийн засаг дарга Г.Батжаргалаар ахлуулсан ажлын хэсэг Жаргалант сумын Бөөргийн уурхайд үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, ард иргэдтэй уулзалт хийлээ.

Жаргалант сумын Мандалын Бөөргийн уурхайд нөхөн сэргээлт хийх нэрээр зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буйгаа Буянт сэцэн, Жигүүр дэл ХХК-иуд аймгийн Засаг даргын зөвшөөрлөөр хэмээн ард иргэдийг төөрөгдүүлж бухимдалд хүргэсэн байна. Засаг дарга газар дээр нь ажиллахдаа тус аж ахуйн нэгжүүдийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, ажил авсанаасаа хойш нэг ч уул уурхайн болон нөхөн сэргээлтийн ААН-тэй хамтран ажиллах гэрээ байгуулаагүй болно гэдгээ албан ёсоор мэдэгджээ.

Худал яриа сум орон нутгаар тараагаад байгаа нөхдийг хуулийн байгууллагаар шалгуулна гэдгээ мөн үеэр хэлсэн. Удаа дараа иймэрхүү яриаг тараасан гэх сумын Засаг дарга Д.Сайнбилэг харин тус уулзалтад оролцсонгүй.

Уулзалтын төгсгөлд Засаг дарга Г.Батжаргал цаашид орон нутгийн иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхээ хэлж байв.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ