ДОРНОГОВЬ: "Бэлэн бай" аянд нэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-06-07 15:22:23

Дорноговьр /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газар “Оюу толгой” ХХК-тай хамтран хэрэгжүүлж байгаа газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх “Бэлэн бай” аянд Дорноговь аймгийн төрийн байгууллагууд нэгдэж байна.

Энэ оны тавдугаар сарын 15-наас зургадугаар сарын 9-нийг хүртэл Монгол Улсын хэмжээнд хэрэгжих аянаар иргэдэд Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомжийн дагуу газар хөдлөлтийн аюул, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах талаар ойлголт, мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг түгээж буй.

Мөн зарлан мэдээллийн дохиогоор зургаадугаар сарын 8-ны пүрэв гаргийн 16.00 цагт бүх нийтийн дадлага, сургуулийг орон даяар зохион байгуулах юм. Эхний дохио дуугарахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэх үе гэж бодон барилгын даацын хана, бат бөх ширээн доогуур орж өөрийн аюулгүй байдлаа ханган түр хүлээнэ.

Хоёр дахь дохио дуугарахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэхээ болих үе гэж бодон баруун гарын дүрэм баримтлан, толгойгоо хамгаалж яаралтай аюулгүй талбай руу гарах, гурав дахь дохио дуугарахад барилга байгууламжид хүн үлдсэн эсэх талаар мэдэх, аюулгүй байдал хариуцсан ажилтанд бүртгүүлэх шаардлагатай аж.

Холбоотой мэдээ