“Монгол Улсад тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх үр дүнтэй засаглал” үндэсний зөвлөгөөн эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-06-08 08:07:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол Улсад тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх үр дүнтэй засаглал” үндэсний зөвлөгөөн өнөөдөр эхэллээ. Зөвлөгөөнөөр үр дүнтэй засаглалыг сайжруулахад бид хамтраад юу хийж болох талаар оролцогч талууд хэлэлцүүлэг өрнүүлэх юм. 


Монгол Улс нь НҮБ-ын мэргэшсэн байгууллагуудтай хамтран олон төсөл, хөтөлбөр үр дүнтэй хэрэгжүүлдэг ч засаглалын хувьд учир дутагдалтай байгаа. Иймд үндэсний зөвлөгөөнөөр бид хамтраад юу хийж болох тухай, засаглалыг яаж илүү үр дүнтэй зангидах, хэрхэн уялдаа холбоотой хамтран ажиллах талаар хэлэлцэж байгаа нь ач холбогдолтойг Удирдлагын академийн захирал, доктор Д.Сүрэнчимэг нээлтийн үеэр онцлоод, тогтвортой хөгжлийн зорилтыг төрийн албан хаагчдад хэрхэн үр дүнтэй хүргэх аргачлалыг Удирдлагын академийн багш нар өчигдөр болсон сургалтаар заалгасныг дурдав. 

Монгол Улс цар тахлыг амжилттай даван туулж, эдийн засгаа сэргээхэд ахицтай ажиллаж байгааг НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра хэлсэн үгэндээ тэмдэглээд, “НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, дэлхий дахинд ТХЗ-г хэрэгжүүлэх ажил хангалтгүй үзүүлэлттэй байгааг хэлсэн. Энэ байдлыг өөрчлөхөд улс төрийн зоригтой алхмууд хийх хэрэгтэй. Улс орны хэрэгжүүлж буй бодлого ганцхан төвдөө бус орон нутагт амжилттай хэрэгжүүлснээр ТХЗ илүү үр дүнтэй болно. Сайн засаглал гэдэг нь нэг нэгнийгээ дэмжсэн, хамтын ажиллагаа байдаг. Тогтвортой хөгжлийг тууштай зорьж, ахиц дэвшил гаргаснаар хойч үе, ирээдүйдээ сайн суурь тавьж өгөх юм. Засаглалтай холбоотой хүндрэлийг даван туулахгүйгээр ахиц гаргахгүй” хэмээлээ.


Тэрбээр, “НҮБ тогтвортой хөгжлийн зорилтыг ганцаар хэрэгжүүлэх боломжгүй, үүнд хамтын ажиллагаа маш чухал. Өнөөдрийн шийдлээс ирээдүйд тогтвортой шийдэл дутахгүй чухал юм. Засгийн газар, нийгмийг бүхэлд нь хамарсан цогц үйл ажиллагаа зохион байгуулж байж ТХЗ биелнэ. Үндэсний зөвлөгөөнөөр үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулснаар Монгол Улсын засаглалыг бэхжүүлж, үр ашигтай болгоход тодорхой хувь нэмэр оруулна. Монгол Улсын Засгийн газар ирэх таван жилд НҮБ-ын системээс хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хөтөлбөрийг 2027 он хүртэл байгуулсан. Үүнд хүн төвтэй засаглал, шударга ёс, бат бөх төрийн институц гэсэн зорилго бий” хэмээн тодотголоо.

 

НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газар, Төрийн байгууллага, цахим засаглалын хэлтсийн дарга Жуванг Жу “Тогтвортой хөгжлийн зорилт нь Монгол Улсын “Алсын хараа 2050” бодлоготой уялдаатай, үүнийг хэрэгжүүлэх нь бидний хамтын үйл хэрэг болж байна. Дэлхий даяар нийтлэг сорилтуудыг даван туулах хүндхэн нөхцөл байдалд иргэдийн төрд итгэх итгэл багассан. Энэ итгэлийг сэргээхэд төрийн байгууллагын суурь үйлчилгээг сайжруулах нь чухал юм. Үүний тулд иргэдийн оролцоотой бодлого боловсруулах, ил тод, шударга байхад анхаарснаар олон нийтийн төрд итгэх итгэлийг сэргээж, улмаар засаглалын тогтолцоог сайжруулна. ТХЗ-д хүрэх үйл хэргийг үргэлжлүүлж, ядуурлыг арилгах, хүрээлэн буй орчныг сайжруулах, сөргөлдөөнийг зогсооход онцгой анхаарахыг уриалсан. Улс орнуудыг хамруулан дүн шинжилгээ хийхэд Монгол Улс нийгэм, байгаль орчны чиглэлд ахицтай байгаа ч улс төрийн манлайлал, төрийн засаглалд бэрхшээл байна. Зөвлөгөөнөөр ТХЗ-г урт, дунд хугацаанд хэрхэн сайжруулах, төрийн албан хаагчдын идэвхтэй оролцоог хангахыг зорьж байна. Ингэснээр үр дүнтэй засаглалыг бий болгох боломжтой” гэлээ.

 

МОНЦАМЭ агентлаг, Удирдлагын Академи, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газар, Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулж буй зөвлөгөөн энэ сарын 13-ны өдрийг дуустал үргэлжилнэ. 


Холбоотой мэдээ