ДАРХАН-УУЛ: Хог дарж булшлах техникийг шинэчлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-06-08 16:20:11

Дархан /МОНЦАМЭ/. Дархан хотын төвлөрсөн хогийн цэгийг /Бараат/ түрж, булшлах ажилд зориулж техникийн шинэчлэл хийлээ. 

Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Дархан хот тохижилт үйлчилгээний газарт БНСУ-д үйлдвэрлэсэн HYUNDAI HX300 маркийн ухах, ачиж буулгах зориулалттай гинжит экскаваторыг нийлүүллээ.  825 сая төгрөгийн өртөгтэй тус техникт базагч, гидр алхыг нэмэлтээр суурилуулж олон үйлдлээр ажил хийхэд тохиромжтой болгожээ.




Мөн БНХАУ-д үйлдвэрлэсэн SHEHWA брэндийн ТҮS 165-3 HW маркийн түрэх зориулалттай бульдозерыг нийлүүлснийг аймгийн Засаг дарга Дархан хот тохижилт үйлчилгээний газарт хүлээлгэн өглөө.




Тус техникүүдийг Бараат хогийн цэгийн хогийг түрж булах, ачин тээвэрлэхэд ашиглах юм. Хогийн цэгийн нийт хамрах талбай 170 га газар бөгөөд үүний 35 га талбайд хур хог хуримтлагдсан байсныг 2021 онд дарж булсан.




Шинэ техник, хэрэгслүүдээс гадна авто машины гарааш, дахивар хог боловсруулах талбай, аюултай хог хаягдлыг шатаах зуух суурилуулсан байгууламжийг барьж ашиглалтад орууллаа. Ирэх долоо хоногт хашаажуулах, тог ,цахилгаан татах ажлууд хийж эхэлнэ. 







Холбоотой мэдээ