БАЯНХОНГОР: Хүүхдийн спортын наадмын бэлтгэлийг бүрэн хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-06-08 16:35:16

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монголын Хүүхдийн спортын наадам зургадугаар сарын 19-29-ний өдрүүдэд Баянхонгор хотноо болно. Аймгийн төвдөө 20 гаруй спорт заалтай баянхонгорынхон Хүүхдийн спортын наадмын бэлтгэлээ бүрэн хангажээ.


Энэ удаагийн наадам анх удаа хөдөө орон нутагт болж байгаагаараа онцлог. Баянхонгор аймгийн хувьд сүүлийн жилүүдэд, тэр дундаа 2016 оноос хойш спортын материаллаг баазыг нэмэгдүүлэхэд ихээхэн хөрөнгө оруулалт хийж буй. Зөвхөн аймгийн төвд 20 гаруй спортын заалтайгаас гадна өнгөрсөн оноос крикет, 3x3, сагс, волейбол, хөл бөмбөг зэрэг спортын зориулалттай задгай талбайнуудыг байгуулж байна.

Зуны VII  наадамтай холбоотойгоор уралдаан тэмцээн явуулах 10 заалнаас гадна, гадаа талбай гурвыг бэлджээ.

Спортын 23 төрөлд аваргуудыг шалгаруулах тус наадамд 20 аймаг, Улаанбаатар есөн дүүргээс 29 багийн 4000 орчим тамирчин өрсөлдөнө. Зочид төлөөлөгч, шүүгч, зохион байгуулагч нар зэрэг 7000 орчим хүн зуны наадамд оролцох тооцоо гараад байгаа аж.

Сонирхуулахад, наадмыг зохион байгуулагч тал спортын гурван төрлийг санал болгох эрхтэй байдаг. Энэ хүрээнд сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа спорт гимнастикийн төрлийг энэ удаагийн наадамд нэмж оруулж байгаа юм.

Холбоотой мэдээ