Вероник Эдит: Асуудлыг цогцоор нь шийдэхэд системийн сэтгэлгээ аргачлал үр дүнтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-06-08 20:50:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улс орон бүр тогтвортой хөгжлийн зорилтоо эргэн харж, нөхцөл байдлаа зөв шинжин, системийн анализ хийхдээ тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлох болсныг “Монгол Улсад тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх үр дүнтэй засаглал” үндэсний зөвлөгөөний илтгэгчид онцолж байна.


Учир нь Монгол Улс “Алсын хараа 2050” урт хугацааны хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд 2015 онд баталсан “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” чухал үүрэгтэй. Гэтэл тус хөтөлбөр хэрэгжих явцад дэлхий нийтийн хамарсан цар тахал, түүний дараах эдийн засаг, геополитикийн нөхцөл байдлын улмаас улс орнуудын ТХЗ-ын хэрэгжилт 10 хувьтай байгаа аж.


Зөвлөгөөний үеэр, НҮБ-ын Бүс хоорондын ахлах зөвлөх Вероник Эдит Д Вербругген бодлого боловсруулах нь нэг хэрэг, үүнийгээ улс орон даяар хэрэгжүүлэх шаардлагатайг онцлоод, асуудлыг цогцоор хараагүйн хор уршгийг Шри Ланка улсын жишээгээр тайлбарлаад, системийн сэтгэлгээ аргачлал гэдэг нь аливаа асуудлын зөвхөн илэрч буй байдлыг засах бус учир шалтгааныг углуургаар нь олж тогтоон, цогц уялдаа холбоогоор нь залруулах явдал гэдгийг тэмдэглэлээ. 



Асуудлыг цогцоор авч үзэх нь үр дүнтэйг Монголд ажиллахдаа мэдэрсэн, Монгол Улс энэ чиглэлд бүс нутагтаа муугүй амжилт үзүүлж байгааг Засгийн газрын хүсэлтээр Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахаар 2018 онд ирж ажилласан, НҮБ-ын Эдийн засгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Айда Каражанова онцлов. Тэрбээр, Монголд өндөр боловсролтой, маш хүчирхэг багт ажиллан, Үндэсний хөгжлийн агентлаг, ҮСХ, НЗДТГ хамтарсны дүнд агаарын бохирдлыг бууруулсан. Судалгааны багтай хамтраад, өгөгдлийн багцууд 5 жилд яаж өөрчлөгдсөнд анализ хийх хүсэлтэйгээ илэрхийлж байлаа.  


Улс орны бэрхшээлийг шийдэхэд дан ганц бодлого бус системийн сэтгэлгээний аргачлал ашиглах, ялангуяа цар тахлын дараах сэргэлтийн үед интеграц, талуудын хоорондын яриа хэлэлцээрүүд хийх нь чухлыг НҮБ-ын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Анита Николов тэмдэглэсэн юм. 

Холбоотой мэдээ