Сум дунд мах, түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулах саналыг малчид гаргав

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2016-09-12 11:48:08

УИХ-ын гишүүн М.Билэгт төрийн түшээгээр сонгогдсоны дараа тойрогтоо ажиллаж буй анхны томилолт Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумаас эхэлж байна.

Малчид хөдөлмөрчидтэй хийх уулзалтад Баян-Өндөрчүүд нийгэм цаг үеийн асуудал, аймаг орон нутгийн тухай мэдээлэл сонсож, санал хүсэлтээ илэрхийлэхээр Соёлын төвдөө идэвхтэй цугларчээ.
Мөн үеэр Говийн сумдад малын тоо толгой нэмэгдэж байгааг анхаарч, дунд нь мах болон түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулах саналыг хэд хэдэн иргэн гаргасан. Арьс шир түүхий эдийн үнийг нэмэгдүүлэхэд анхаарахыг хүссэн санал уулзалтад оролцож байгаа малчдын ярианы гол сэдэв болжээ.
УИХ-ын гишүүн М.Билэгт тухайн асуудлыг багцлан, 10 сарын 1-ээс эхлэх ээлжит чуулганы үеэр малчин түмний үгийг хүргэх дуу хоолой нь болж тууштай ажиллахаа илэрхийлэв.

Хөдөлмөрийн баатар, Ямаачин Дамбын Самдан "Сум дундын мах боловсруулах, түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулж өгөөч ээ. Говь нутагт малын тоо өссөөр байгаа. Бид мал, махаа ченжгүйгээр эдийн засгийн эргэлтэд оруулах хүсэлтэй байна" гэсэн саналыг хэлж, уулзалтад ирсэн нийт иргэд дэмжсэн. "Яг энэ чиглэлээр Баянхонгор Монгол Ардын Нам мөрийн хөтөлбөртөө оруулсан заалт байгаа. Ажил хэрэг болгохын тулд тууштай ажиллана" гэдгээ аймгийн Засаг дарга Г.Батжаргал хэлж байв.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ