Японы нийслэлийн харьяа бүх байгууллагын үйл ажиллагаанд "ChatGPT"-ийг нэвтрүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2023-06-13 16:30:18

ТОКИО. /Kyodo/. Японы нийслэл Токио хотын захиргаа хиймэл оюун ухаанд суурилсан “ChatGPT” чатботыг наймдугаар сараас эхлэн харьяа бүх байгууллагынхаа үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр төлөвлөж байгааг тус хотын захирагч Коикэ Юрико мягмар гарагт буюу өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгдэв.


"ChatGPT-ийг наймдугаар сараас эхлэн бүх байгууллагад ашиглаж эхэлнэ. Энэхүү шинэлэг технологийг бид давуу талыг нь хэрэгжүүлж, сул талыг харгалзан засаг захиргааны хэд хэдэн чиглэлд ашиглахыг зорьж байна. Тухайлбал, орон нутгийн иргэдэд зориулсан баримт бичгийг боловсруулах, мэдээллийн товхимол бэлтгэхэд ашиглана" гэж хотын захирагч хэлжээ. 


Японы Харилцаа холбооны сайд Мацүмото Такэаки мөн байгууллагынхаа өдөр тутмын үйл ажиллагаанд “ChatGPT”-ийг ашиглахаар төлөвлөж байгаагаа өмнө нь мэдэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор тус улсын Эдийн засгийн аюулгүй байдлын сайд Такаити Санаэ мэдэгдэхдээ, эрх баригчид "ChatGPT" болон хиймэл оюун ухаанд суурилсан бусад программуудыг ашиглахыг нэн даруй хориглох эсвэл өөр аргаар зохицуулах бодолгүй байна гэж онцлон тэмдэглэжээ. 


"ChatGPT"-ийг Америкийн "OpenAI" компани 2022 оны сүүлээр гаргасан билээ. 



Холбоотой мэдээ