Эдийн засгийн тогтвортой өсөлт инфляцыг номхотгох уу?
ТОЙМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын төсвийн орлого хагас жилийн байдлаар 1.1 их наяд төгрөгөөр даван биелж, бүтэн жилд 1.7 их наяд төгрөгт хүрэх төлөвтэй байгааг Засгийн газрын тэргүүн мэдэгдсэн. Тодруулбал 2020 онд -4.6 хувиар агшсан эдийн засаг 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өсөлттэй гарав.
Ийнхүү улсын төсвийн
орлого 1.1 их наяд төгрөгөөр тэлснээр төсвийнхний цалинг нэмэхээр болсон
юм.
Тэгвэл УИХ 2023
оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа. Тодотголоор
иргэдийн амьжиргааг дэмжих хүрээнд цалин, тэтгэвэр, халамжийн тэтгэмжийг
нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгийг нөхөн олгох, цаашид хүүхэд бүрт олгохоор
шийдвэрлэв. Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар холбогдох журмуудыг баталснаар дээрх шийдвэр долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тодруулбал өнгөрсөн нэгдүгээр сараас олгосон хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт нөхөн олгох юм. Харин цалин тэтгэврийн хувьд суурь тэтгэвэр
тэтгэмж, цалинг нэмж, зөрүүг арилгахад чиглэж буйгаараа онцлогтой. Улмаар халамжийн тэтгэмж
288 мянга байсныг 316800 төгрөг, нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж 84500, хүүхдээ асарч байгаа бол
123100 төгрөг байсныг адилтган 275 мянган төгрөг болгон нэмэгдүүлэхээр болжээ. Цалингийн хувьд долоодугаар сарын 1,
аравдугаар сарын 1 гэсэн хоёр үе шаттай нэмэх юм байна. Эхний ээлжинд
хамгийн бага шатлалын цалинтай соёл, спорт, нийтлэг үйлчилгээний салбарт
ажиллагсдын цалинг нэмэх бол
ирэх аравдугаар сарын 1-нээс төрийн албан
хаагчдын цалинг нэмэхээр болжээ.
Тодруулбал энэхүү тодотголын хүрээнд цалингийн хэт ялгаатай байдлыг цэгцэлж,
шатлалыг 42 суурь системд шилжүүлэх
дараагийн алхмыг хийж, инфляцын өмнөх жилийн хувьтай уялдуулж, жил бүр тогтмол
нэмэгддэг байх асуудлыг тусгаснаараа
онцлогтой гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-д уламжилж байв. Энэхүү суурь реформын үзэл санааг
УИХ ийнхүү дэмжсэн нь төрийн албан хаагчдын цалин 560 гаруй салангид
шатлалыг уялдуулж, анхан шатанд ажиллаж буй төрийн албан хаагчдаас эхлээд
тодорхой хэмжээнд бодлогын гадна орхигдсон хөрөөний ир мэт ялгаатай цалингийн
тогтолцоог цэгцлэх боломж бүрдэх юм байна.
Үүнийг дагаад хувийн хэвшлийн цалингийн суурь хөндөгдөх сайн тал бий. Нөгөө талдаа иргэдийн орлого нэмэгдснээр худалдан авалтыг дэмжиж, эрэлтийн гаралтай инфляци үүснэ. Эдийн засагчдын үзэж буйгаар цалин 25-30 хувь нэмэгдэхэд инфляци 2-3 хувиар өсөх жишиг бий аж.
Тэгвэл эхний улирлын дүнгээр улсын инфляцын түвшин 11.3 хувьтай гарлаа. Инфляцын өсөлтийг задалвал, импортын
бараа бүтээгдэхүүний өсөлт 36, дотоодын хүнсний бүлгийн үнэ 36, дотоодын бараа
үйлчилгээний үнэ 22 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Он гарсаар
импортын гаралтай инфляц аажмаар буурч байгаа бол дотоодын хүнс, бараа
үйлчилгээний үнэ эсрэгээрээ өндөр хэвээр байна. Энэ нь
инфляцад дарамт болж байгааг мэргэжилтнүүд тодотгосон. Өөрөөр хэлбэл дотоодын хүнс, тэр дундаа мах, махан
бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ өссөн нь инфляцад нөлөөлсөн хэмээн статистикчид мэдэгдэв. Тэдний ярьж буйгаар
өнгөрсөн тавдугаар сард махны үнийн өсөлт өндөр хувьтай гарсан нь
инфляцыг
хөөрөгдөхөд хүргэжээ. Үнэндээ бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэд, аж ахуйн
нэгжийн худалдан авах чадварт шууд нөлөөлдөг. Мах, махан бүтээгдэхүүн, гурил, гурилан
бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлтийг зохицуулах, бодлогоор ханган ажиллах чиг үүргийн яам бий ч үр дүнтэй ажилладаггүй гэсэн шүүмжүүд нийгэмд өрнөдөг.
Инфляцын нөхцөл байдал, үнийн өсөлтийг хазаарлах талаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдэхдээ, “Инфляц 2022 оны зургадугаар сард хамгийн оргил үедээ буюу 16.1 хувьд хүрсэн бол үүнээс хойш аажмаар буурч 11.3 хувьд хүрээд байна. Инфляц буурахад гадаад валютын албан нөөц нэмэгдэж, валютын зах зээл тогтворжсоноор төгрөгийн ханш сулрах дарамт буурсан болон гадаад зах зээлд бараа, бүтээгдэхүүний үнэ буурсан зэрэг нь нөлөөлсөн. Инфляц буурч байгаа хэдий ч Төвбанкны зорилтот түвшнээс өндөр хэвээр байна. Үүнд гурил, мах, сүүний үнэ өссөн нь голлон нөлөөлж байгаа бөгөөд нийт инфляцын 40 орчим хувийг нь энэ гурван төрлийн бүтээгдэхүүн бүрдүүлж буй юм. Иймд, инфляцыг хазаарлах болон эдийн засгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хүрээнд төсвийн үндсэн тэнцлийг сар бүр алдагдалгүй гаргах, хөдөө аж ахуйн биржээр дамжуулан мах, хөдөө аж ахуйн бусад бүтээгдэхүүний арилжааг хийх, мал аж ахуй, махны зах зээлийг дунд хугацаанд үр ашигтай хэлбэрт шилжүүлэх, тусгай зөвшөөрлийн цахим системийг бүрэн нэвтрүүлэх бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай” хэмээн онцолсон.
Үнэндээ эдийн засгийн нэг хувь өсөлтийн цаана ойролцоогоор 600 орчим тэрбум төгрөгийн орлого эргэлддэг гэсэн судалгаа бий. Үнийн өсөлтийн 40 орчим хувийг мах, гурил, гурилан бүтээгдэхүүний нэмэгдэл эзэлдэг гэсэн судалгааг үндэслэн Засгийн газар Улаанбаатар хотын ойролцоох мал, мах борлуулах цэгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл эрэлтийг даган махны нийлүүлэлтийг нэмэх замаар асуудлыг шийднэ гэсэн үг. Энэхүү шийдвэртэй зэрэгцэн малчдын зүгээс хамгийн их хөдөлмөр шингэсэн салбар мал аж ахуй, бид өвлийг давах гэж байдагаа барсан, махны үнэ барих асуудал хэрхэвч байж болохгүй хэмээн нийгмийн сүлжээнд байр сууриа илэрхийлж байгаа. Нэг талдаа тэдний зөв ч нөгөө талд хэрэглэгчид 70 сая малтай Монгол Улсад мах магнаг боллоо гэх шүүмжүүд өрнөж байна. Улсын гол тулгуур, иргэдийг хоол хүнстэй байлгах тэргүүлэх салбар яах аргагүй мал аж аж ахуй. Гэсэн хэдий ч үнийн өсөлтийг зах зээлтэй уялдуулах нь чухал. Үнэндээ хоол хүнс, тээвэр, цахилгаан гэх мэт өдөр тутмын хэрэглээний зардал цаг хугацааны явцад инфляцыг өсгөх хэмжүүр болдог. Улмаар барааны үнэ, тариф үргэлжлэн өсөх тохиолдолд хүмүүс үнэ хямдарна, тогтворжино гэх итгэлгүй болж бодит хэрэгцээнээсээ илүү их хэмжээний бараа худалдан авч нөөцлөх тохиолдол бий. Ингэснээр хиймэл хомсдол үүсч үнэ бүр өсдөг жишиг бий. Харин дефляци үүссэн үед бараа бүтээгдэхүүний үнэ буурдаг.
Юутай ч эдийн засаг богино хугацаанд сэргэж, өсөлт үзүүллээ. Олон улсын байгууллагууд манай улсын инфляцыг 10.5-13 хувь орчимд байна гэсэн төсөөллийг дэвшүүлээд байсан юм. Харин энэ төсөөллийг эвдэж хагас жилийн дотор инфляц 4.8 хувиар буурав. Аль ч улсын эдийн засагт мөнгөний урсгал нэмэгдэж байж бизнес, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа идэвхждэг жамтай. Үйлдвэрлэл өрнөснөөр хүмүүс ажил, орлоготой байна. Энэ хэрээр худалдан авалт хийж эдийн засгийг идэвхжүүлдэг. Үр дүнд нь төр татвараа бүрдүүлэн цалин, тэтгэвэрээ тавьж, эмзэг бүлгээ тэтгэдэг. Тиймээс эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах нь улс орны том зорилт төдийгүй инфляцыг тогтвортой барихад хөшүүрэг үзүүлэх юм.