Далайн захиргааны бүтцэд Хуурай боомтыг хариуцсан нэгжийг байгуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-06-21 17:10:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс далайд гарцгүй орон учир олон улсын худалдаанд хөрш орнуудаар дамжин оролцдог. Ингэснээр бараа, бүтээгдэхүүний үнийн бүтцийн 30 орчим хувийг тээвэр, логистикийн зардал эзэлж байна.


Үүнд тээвэрлэлтийн хугацаа урт, дамжин өнгөрөх хил, гаалийн хяналт шалгалт, хязгаарлалттай байдал болон техник технологийн нөхцөл, далайн тээврийн чингэлэг түрээсийн төлбөр өндөр зэрэг байдал ихээхэн нөлөөлдөг. Тээвэрлэлтийн урт хугацаа нь худалдаанд торгууль хүлээх, улмаар их хэмжээний валютын алдагдал хүлээхэд хүргэдэг.


Тээвэр, логистикийн дээрх хүндрэл бэрхшээлтэй асуудлыг шиййдвэрлэж, худалдааг хөнгөвчлөхөд “Хуурай боомтын тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээр чухал ач холбогдолтой.

Хэлэлцээрийг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсад олон улсын хуурай боомтыг байгуулж хөгжүүлэх нөхцөл боломжийн талаарх судалгааг ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаа үе шаттай хийж, тодорхой үр дүн гаргахаар ажиллаж байна. Энэ талаар Засгийн газрын 2022 оны 6 дугаар сарын 22-ны хуралдааны 34 дүгээр тэмдэглэлд НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссоос батлан гаргасан “Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу Засгийн газраас Олон улсын хуурай боомтыг Монгол Улсад байгуулах чиглэлээр эрчимтэй ажиллах чиглэлийг ЗТХ-ийн сайдад үүрэг болгосон юм.

Уг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд Далайн захиргааны бүтцэд Хуурай боомтын асуудлыг эрхлэн хариуцсан нэгжийг байгуулаад байгааг ГХЯ-нд өнөөдөр болсон “Хуурай боомтыг хөгжүүлэх замаар хил дамнасан дамжин өнгөрөх тээврийн үр ашгийг дээшлүүлж, чадавхийг бэхжүүлэх санаачилга” сургалт, хэлэлцүүлэг уулзалтаар танилцуулж мэдээллээ.

 

Манай улс “Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т 2016 онд нэгдсэн орсон юм. Улмаар Алтанбулаг, Улаанбаатар, Сайншанд, Замын-Үүд, Чойбалсан зэрэг байршилд олон улсын хуурай боомтыг байгуулахаар тусгаад байгаа билээ.


“Хуурай боомтыг хөгжүүлэх замаар хил дамнасан дамжин өнгөрөх тээврийн үр ашгийг дээшлүүлж, чадавхийг бэхжүүлэх санаачилга” сургалт, хэлэлцүүлэг уулзалтыг НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын Зүүн болон Зүүн хойд Азийн салбар комиссын дэмжлэгтэйгээр ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаа болон ГХЯ-ны Хөрөнгө оруулалтын судалгааны төв хамтран зохион байгуулав.


Үүнд гаалийн олон улсын “Uni-pass Cupia” агентлаг, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, НҮБ-ын Худалдааны логистикийн салбарын болон БНХАУ, Лаос улсын хуурай боомт, худалдааны логистикийн байгууллагын төлөөлөл, гадаад, дотоодын холбогдох салбарын шинжээч, мэргэжилтнүүд оролцлоо. Хуурай боомт дараах чиг үүргийн талаар санал солилцож туршлага хуваалцлаа. Үүнд:

  • Чингэлэг ачаа боловсруулалт, хадгалалт,
  • Чингэлэг буулгалт, ачилт,
  • Бөөний ачаа боловсруулалт, хадгалалт,
  • Гаалийн болон хилийн бусад хяналт шалгалт, бүрдүүлэлт,
  • Чингэлгийн хөнгөн засвар,
  • Тээвэр зууч болон ачаа нэгтгэх үйлчилгээ,
  • Банк, даатгал, санхүүгийн үйлчилгээ,
  • Тээврийн захиалга авах, зуучлан үйлчлэх,
  • Нэмүү өртгийн үйлчилгээ (жишээлбэл, сав баглаа боодол, шошго, урт хугацааны агуулах)


Хуурай боомт нь эх газрын хангамжийн сүлжээний тээвэрлэлтийн бүрэлдэхүүн хэсэг аж. Хуурай боомт нь ачаа тээврийн хөдөлгөөнийг үр ашигтай горимд шилжих боломжийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэж, гадаад худалдаанд бодитоор нөлөөлдөг байна. 

Холбоотой мэдээ