ДОРНОГОВЬ: Японы төлөөлөгчид цэвэрлэх байгууламжийн талаар сургалт зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-06-22 13:31:00

Сайншанд /МОНЦАМЭ/. Монгол Улсын Дорноговь аймаг Японы Шизуока мужийн хамтын ажиллагааны хүрээнд Японы Шизүока мужийн Зам тээврийн газрын Бохир усны бодлогын хэлтсийн дарга Кукита Шинжи болон албаны төлөөлөгчид Дорноговьд зочиллоо.


Аймаг, муж хооронд боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц зэрэг өргөн хүрээнд хамтын ажиллагааг өрнүүлж иржээ.


Энэ удаа Сайншанд хотын цэвэрлэх байгууламжийг хариуцан ажиллаж буй “Чандмань-Илч” ХХК-ийн ажилтнуудад усны хэрэглээний орчин сайжруулах ажлын хүрээнд усны үйл явцыг шинжилгээний дүнгээр шалгах аргачлалыг зааж тодорхой сургалт явуулсан байна.


Аймаг, муж хоорондын хамтын ажиллагаа 2011 оноос эхэлсэн бөгөөд энэ хугацаанд сурагч солилцооны хөтөлбөр, бохир ус цэвэршүүлэх байгууламжийн инженер, техникийн ажилтан бэлтгэх сургалт, төрийн захиргааны алба хаагчийн урт, богино хугацааны мэргэшүүлэх сургалт болон асран сувилахуйн салбарын туршлага солилцох ажиллагаа зэрэг олон арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулж ирсэн байна.


Албаны бүрэлдэхүүнийг аймгийн Засаг дарга О.Батжаргал, аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг нар хүлээн авч уулзан өнгөрсөн хугацаанд хамтран хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн явц, үр дүнг ярилцсанаас гадна ирээдүйд хийх ажлын талаар ч санал солилцсон аж.

Холбоотой мэдээ