TASS: “Росатом” Монголд эрчим хүч, өндөр технологийн төсөл хэрэгжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2023-06-22 16:03:29

МОСКВА. /TASS/. ОХУ-ын "Росатом" корпорац Монгол Улсын эрчим хүчний бие даасан байдлыг хангах, эрчим хүчний бус өндөр технологийг хөгжүүлэхэд чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлнэ гэж тус корпорацын хэвлэлийн алба мэдээлжээ.


“Росатом-Олон улсын сүлжээ” компанийн ерөнхийлөгч Вадим Титов, Монголын “Даян дээрх энержи” компанийн ерөнхий захирал Бямбаагийн Мөнхбаатар нар зургаадугаар сарын 15-нд Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр стратегийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна. 


“Талууд Монгол Улсын эрчим хүчний бие даасан байдлыг хангахад чиглэсэн цөмийн, салхин болон усан цахилгаан станцын чиглэлээр эрчим хүчний төслүүдийг хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв" гэж төрийн өмчит тус корпорацын мэдээнд дурджээ.


Түүнчлэн цөмийн анагаах ухаан, нийлмэл материалууд, хотын дэд бүтцийн дижитал шийдэл зэрэг эрчим хүчний бус төслүүд ч хэлэлцээрийн сэдэв болсон гэдгийг онцолсон байна. 


“Стратегийн гэрээнд гарын үсэг зурснаар Монгол Улсын эрчим хүчний бие даасан байдлыг бэхжүүлэх, өндөр технологийн бусад салбарыг хөгжүүлэх шинэ боломжийг нээх томоохон төслүүдийг эхлүүлж байна. “Росатом” нь түншүүддээ юуны түрүүнд хүмүүсийн амьдралын чанарыг нэмэгдүүлэхэд чиглэсэн шийдлүүдийг санал болгоход бэлэн байна" гэж “Русатом-Олон улсын сүлжээ” компанийн ерөнхийлөгч Вадим Титов хэлснийг корпорацын хэвлэлийн алба эш татжээ. 

Холбоотой мэдээ