ДОРНОД: Чойбалсан хотын иргэд жилд 8.2 сая литр сүү хэрэглэдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-06-22 19:52:05

Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн төвийн иргэд жилд 8.2 сая литр сүү хэрэглэдэг. Үүний 78.4 хувийг дотоодоосоо хангаж байна. Энэхүү сүүний хэрэглээний 62.6 хувийг цай чанахад, 10.7 хувийг хүүхдийн тэжээлд, 8.2 хувийг шууд уух байдлаар хэрэглэдэг гэж судалгаанд оролцсон иргэд хариулжээ.


Нийт сүүний хэрэглээний 63.3 хувийг шингэн сүү, 19 хувийг савласан сүү, 17.5 хувийг хуурай сүү эзэлж байна. Сүүний гарцын тухайд Хэрлэн суманд хоногт 28 литр сүү, бусад суманд 32 литр сүү үнээнээс авдаг бөгөөд үүний 53 хувь нь шинжилгээнд хамрагддаггүй аж. 


Дорнод аймагт хоногт 1600 тонн сүү боловсруулах хүчин чадал бүхий 13 цех байдгаас нэг нь л байнгын үйл ажиллагаатай, бусад нь улирлын чанартай. Түүнчлэн малчид сүүгээ борлуулахад зах зээлээс хол, хадгалахад хэцүү, тээвэрлэх зориулалтын машин байхгүй зэрэг хүндрэлтэй учирдаг бол хэрэглэгчид шингэн сүү түлхүү хэрэглэх хүсэлтэй боловч нийлүүлэлт хангалтгүй, үнэ хэлбэлздэг гэж хариулт өгсөн байна.


Дорнод аймагт сүүний хүргэлтийн төв байгуулбал малчдын амьжиргааг дэмжиж, 10 гаруй ажлын байр бий болгохоос гадна хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангахад дөхөм болох судалгаа төслийг "Найнги хүнс" ХХК боловсруулжээ.

Холбоотой мэдээ