ХОВД: Улсын аварга шалгаруулах даамын тэмцээн болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант /МОНЦАМЭ/. Зуун буудалт даамын 2023 оны Монгол Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн Ховд аймагт болж байна.
Даамын спортыг иргэд олон нийтэд сурталчлах, тамирчдын ур чадварыг хөгжүүлэх зорилготой энэхүү тэмцээнийг Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаагийн ивээл дор зохион байгуулж байгаагаараа онцлогтой.
Тэмцээн 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Олон улсын их
мастерууд болох Д.Эрдэнэбилэг, Р.Манлай, Б.Мишээл, Э.Хүслэн тэргүүтэй эрэгтэй
14, эмэгтэй 14 гээд нийт 28 тамирчин оюун ухаанаа сорин өрсөлдөж байна. Энэ
удаагийн тэмцээнд оролцогчдын 4 нь олон улсын их мастер, 1 нь олон улсын
мастер, 5 нь дэлхийн даамын холбооны их мастер цолтой. Мөн дэлхийн даамын холбооны дэд мастер 3, спортын мастер 14, дэд мастер цолтон 1 байгаа юм.
Улсын аварга шалгаруулах даамын тэмцээн нь эрэгтэйчүүдийн төрлөөр 46 дахь удаагаа, эмэгтэйчүүдийн төрөлд 33 дахь удаагаа ийнхүү амжилттай өрнөж байна. 2023 оны Улсын аварга даамчид 13 тойргийн тоглолтын дараа тодорно.
Сонирхуулахад, Ховд аймгийн даамын салбар холбоо одоогийн
байдлаар 80 гаруй гишүүнтэй, нийт 4 клуб үйл ажиллагаа явуулж байна.
Даамын
спортыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд Ховд аймагт анх 1991 онд
Зуун буудалт даамын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байсан.
Үүнээс хойш 32 жилийн дараа буюу энэ жил хоёр дахь удаагаа Улсын аварга
шалгаруулах тэмцээнийг Ховд аймагт зохион байгуулж байгаа нь энэ юм.