ОРХОН: Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад 419 сая төгрөг төсөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-06-26 15:50:16
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Монголын тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Ардын хувьсгалын 102 жил, Орхон аймаг, Эрдэнэт хот байгуулагдсаны 47 жилийн баяр наадмыг ирэх сарын 10, 11-нд тэмдэглэнэ. 


Баяр наадмыг зохион байгуулах ажлын багийг аймгийн ЗДТГ-ын дарга Ш.Ганболд ахалж байна. Энэ жил баяр наадмаар автомашины тусгай зөвшөөрөл олгохгүй. Харин эмнэлэг, Онцгой зэрэг шаардлагатай мэргэжлийн байгууллагуудад Ү зөвшөөрөл олгоно.


Наадмын зохион байгуулалтын үйл ажиллагаанд 680 гаруй уран бүтээлч, төрийн албан хаагч оролцоно. Соёл урлагийн үйл ажиллагаанд оролцох хүүхэд багачууд болон уран бүтээлчдийн урамшууллыг өнгөрсөн жилээс 100 сая төгрөгөөр нэмэгдүүлжээ.


Тухайлбал, наадмын нээлт, хаалт,  урлаг соёл, спортын үйл ажиллагааны нийт төсөв 160 сая төгрөг бөгөөд үүний 47 сая төгрөг нь Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагааны зардлаас, 113  сая төгрөгийг Орон нутгийн төсвөөс зарцуулна.


Үндэсний бөхийн барилдааны шагналд 22,1 сая, хурдан морины уралдаан зохион байгуулах, түрүүлж айрагдсан морины шагналд 65 сая, баяр наадам явуулах талбайн тохижилтын зардалд 27,2 сая төгрөг буюу нийт 419 сая төгрөг зарцуулна.

 

Холбоотой мэдээ