ЗАВХАН: Тосонцэнгэл сумын багш нар тэгш хамруулан сургах арга зүйгээрээ тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-06-30 14:36:40

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймаг ирэх хичээлийн жилээс сургуулийн хүүхдийн онцлогт тохирсон сургалтын арга зүйг хэрэгжүүлнэ.


Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран хүүхэд бүр ялгаатай хэрэгцээтэй, өөрийн гэсэн хөгжлийн онцлогтой. Тиймээс багш, хүүхдийн онцлогийг судлах, тохирох хэрэглэгдэхүүнээр хангах. Хамт олон дунд нь тухайн хүүхдийн хэрэгцээнд нийцсэн боловсрол олгохыг зорих нь чухал юм.

Тиймээс өнгөрсөн сард амжилттай хэлэлцүүлсэн, үндэсний хэмжээнд тэргүүлсэн, Тосонцэнгэл сумын багш нарын илтгэл, арга зүйг нэвтрүүлэхийг зорьж байна. 


Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг, боловсролын сургалт арга зүйн байгууллагатай хамтран 2013 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж ирсэн "Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй-суралцагч төвтэй хичээл үйл ажиллагаа" сэдэвт онол практикийн VIII бага хурал тавдугаар сарын 19,20-ны өдөр Улаанбаатар хотод болжээ. Энэхүү бага хурлыг энэ жил Боловсролын ерөнхий газар, Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг хамтран зохион байгуулжээ. Энэ жилийн шилдэг илтгэлээр арван жилийн өмнө хэрэгжиж дууссан JICA төслийн загвар сургуулийн илтгэл шалгарсан байна.


Тодруулбал, “Хүүхдийн хөгжлийг дэмжих багшлах арга зүйг сайжруулах, тогтолцоог бэхжүүлэх” төслийн 2-р шатны туршилтын сургууль болох Завхан аймгийн Тосонцэнгэл сумын лаборатори I сургуулийн багш нарын илтгэл тэргүүлжээ.


Тосонцэнгэл сумын I сургуулийн багш Б.Долгорсүрэн, Ж.Баянзул нарын тусгай хэрэгцээт хүүхдийг өнгө ашиглан уншуулж, бичүүлж сургах илтгэл нь 192 илтгэлээс шалгарсан аж. Аутизм оноштой нэг ба тавдугаар ангийн хоёр хүүхэдтэй ажилласан арга зүйгээ хэлэлцүүлсэн байна.

Багш нарын сонгосон хоёр хүүхэд нь оюуны хувьд хоцрогдолтой ч өнгө ялгаж чаддаг. Иймээс багш долоон өнгөөр тус бүр эгшиг авиаг тэмдэглэн таниулсны дараа гийгүүлэгч үсгийг мөн аргаар зааж үе холбох, хоёр үетэй, гурван үетэй үг холбох, богино өгүүлбэр үүсгэх гэх мэт дараалсан үе шаттай арга зүйг сонгож туршин хэрэгжүүлжээ. Мөн илтгэлийн төгсгөлд тэдгээр хоёр хүүхэд эхийг чанга дуугаар уншиж байгаа бичлэгийг танилцуулжээ.


Тосонцэнгэл сумын лаборатори 1-р сургууль нь Завхан аймгийн хамгийн том, 10 мянган гаруй хүн амтай сумын сургууль юм. Тус сум 12 жилийн бүрэн дунд хоёр сургуультай. Энэ хичээлийн жилд I сургуулийн хүүхдийн тоо 1119, багшийн тоо 62 байна. Лаборатори сургууль нь ихэвчлэн аймгийн төвийн сургууль сонгогддог ч сумаас сонгогдсон хоёр лаборатори сургууль байдгийн нэг нь Тосонцэнгэл сумын 1-р сургууль аж.


JICA “Хүүхэд төвтэй багшлах арга зүйг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх төслийн II шат” нь 2010-2013 онд Тосонцэнгэл сумын I сургууль загвар сургуулиар сонгогдож хэрэгжсэн байна. Төслийн хүрээнд байгалийн ухаан, хими, хүн орчин, хүн байгаль, математик бага/дунд, мэдээлэл зүй, төсөлт ажил судлагдахуунуудаар хичээлийн бэлтгэл судалгаа болон хичээлийн судалгааг хэрэгжүүлсэн туршлагатай аж.  



2022-2023 оны хичээлийн жилд Тосонцэнгэл сумын лаборатори I сургуульд тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай 10 хүүхэд суралцаж байна.

Тиймээс тус сургууль захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, эмч нарын бүрэлдэхүүнтэй сургуулийн дэмжлэгийн баг байгуулжээ. Энэ баг тэгш хамран сургах боловсролыг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан амжилттай ажилласны жишээ нь дээрх арга зүй юм.


Энэ жишээ бол арван жилийн өмнө хэрэгжиж дууссан "Хүүхэд төвтэй багшлах арга зүйг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх төсөл”. Харин одоо хэрэгжиж байгаа "Тэгш хамран сургах боловсролыг түгээн дэлгэрүүлэх төсөл"-ийн үзэл санаа, боловсролын салбарт үргэлжлэн хэрэгжиж байгаа сайн жишээ юм гэж Завхан аймгийн БШУГ-аас мэдээлэв.


Холбоотой мэдээ