Хятадын зүүн хойд бүсийнхэн Монголыг сонирхож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-07-24 12:46:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Шаньдун мужийн Янтай хотын захиргаа, бизнес эрхлэгчдийн төлөөллийн томоохон групп манай улсад хүрэлцэн ирээд байна.


Тус муж, хотын барилга, орон сууц, хот тохижилт, сансрын технологи, программ хангамж, цахим систем, самрын боловсруулалт, олборлолт, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбарынхан болон намын хороо, худалдаа эрхлэгчдийн холбооны төлөөлөл энэ группэд багтаж байна. Хятадын бизнес группийнхэн өнөөдөр МҮХАҮТ-д Монгол-Хятадын хамтарсан бизнес, хөрөнгө оруулалтын уулзалт зохион байгуулав.


Уулзалтыг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин нээж хэлэхдээ, Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр орны бизнес форум өндөр түвшинд зохион байгуулагдаж, сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, аялал жуулчлал зэрэг олон салбарт хамтран ажилллахаар болсныг дурдаад, үүний дараагаар хөрш орны компани, аж ахуйн нэгжүүд манай улсыг сонирхон ирэх нь нэмэгдэж, хамтран ажиллах санал идэвхжиж буйг онцлон хэлэв.


Мөн тэрбээр, Хятадын бизнес төлөөллийн энэ удаагийн групп айлчлалд барилга, орон сууц, хот тохижилт, сансрын технологи, программ хангамж, цахим систем, самрын боловсруулалт, олборлолт, сэргээгдэх эрчим хүч зэрэг Монгол Улсад хэрэгтэй, монголчуудын сонирхож буй салбарын компаниуд иржээ. Энэ нь бидэнд сонирхолтой, хоёр улсын бизнесийн хамтын ажиллагаа олон салбарт өргөжин тэлэх боломжийг бий болгоно гэдэгт найдаж байгаа.


Хоёр том гүрний дунд оршдог манай улсын хувьд мөн БНХАУ, ОХУ-ын хоорондын бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Монгол Улсын оролцоо өндөр хэмээн харж байна гэв.


Хятадын төлөөлөгчдийн тэргүүн, Янтай хотын намын хорооны Нэгдсэн фронтын ажлын хэлтсийн орлогч дарга, намын бүлгийн нарийн бичгийн дарга Ху Вэйнинг хэлэхдээ, Монгол Улсад ирж, бизнесийн хамтын ажиллагааны талаар ярилцаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, Янтай нь БНХАУ-ын хүнд болон хөнгөн үйлдвэрлэл, жимс, жимсгэнэ, алт олборлолт, технологийн төв, эко ногоон хот гэдгийг танилцуулж, Монгол Улсад болж буй уулзалт, айлчлал үр дүнтэй байна гэдэгт итгэж байна гэв.


Тэрбээр, Шаньдун муж, Янтай хот нь эрчим хүчний шилжилтийг жинхэнэ утгаар хэрэгжүүлж сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлж буйг тодотгож, Хятадын зүүн хойд бүсийн далайн эргийн боомт хотын хувьд далайн нөөц баялгийн суурь бааз төв болж, мөн хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж буй зэрэг байдал нь Монгол Улсын бизнесийхний анхаарлыг татаж, дээрх салбарууд болон ижил төрлийн бизнес, үйлдвэрлэл, худалдааг хамтран хөгжүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлж, хоёр орны бизнес эрхлэгч нарт ийм орон зай өргөн байгааг хэллээ.


БНХАУ-ын бизнесийн энэ удаагийн бүрэлдэхүүнд Янтай хотын машин, тоног төхөөрөмж хэрэгслийн “Глобал” компани, Шаньдун мужийн хүнсний “Рунхуа”, Янтай хотын барилгын групп, шинжлэх ухаан, технологийн инновацын нийгэмлэг, электрон технологийн “Чуанхуй” групп, самрын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтын “Фэнлин”, эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн “Айлө” зэрэг 10 гаруй компани багтаж байна.

Холбоотой мэдээ