Хөрөнгө оруулалтыг татсанаар эдийн засгийн өсөлт бодитоор мэдрэгдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-07-24 16:01:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын сэргээн босголт, хөгжлийн банк манай улсын ногоон хөгжилд хамгийн их санхүүжилт хийгээд байна. Хамгийн сүүлийн үеийн жишээг дурдахад тус банк саяхан ногоон бизнесийг дэмжих зорилгоор 137 сая ам.доллар зээл гаргасан юм.


Энэ талаар Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Төв Ази, Монгол Улсыг хариуцсан захирал Сузанна Харгитаас тодрууллаа. Тэрбээр, манай улсад энэ сард айлчилж, “Монголын Эдийн засгийн форум-2023”-д хүндэт зочноор уригдан, тус форумын банк санхүү, ногоон хөгжлийн хэлэлцүүлгүүдэд оролцсон юм.


Хатагтай Сузанна Харгит яриагаа Монгол Улсын эдийн засаг дэлхий нийтийг хамарсан цар тахлын дараагаар сэргэж байна гэдгээр эхэлсэн юм. “Монгол Улсын эдийн засаг бидний эхний тооцооллоор 7.2 хувийн өсөлттэй, цаашдаа 7.9 хувь болох ч төлөвтэй байгаа. Энэ бол манай банкнаас гаргасан төсөөлөл буюу прогноз юм. Бусад эх сурвалжаас манайх өндөр хүлээлттэй байгаа. Өнгөрсөн жил ч өөдрөг байсан. Энэ жилийн хувьд мөн адил байгаа гэдгийг зөв ойлгох учиртай.

Юу гэвэл ихэнх хүмүүс одоогийн байдлаар дээрх өсөлтийн төлөвийг мэдрэхгүй байгаа. Өнөөдөр зөвхөн инфляцыг л мэдэрч байгаа. Тиймээс эдийн засагт хөрөнгө оруулалтыг яаж татах вэ гэдэг асуулт гарч байгаа юм. Хөрөнгө оруулалтыг татсанаар эдийн засгийн өсөлт бодитоор мэдэгдэнэ гэж үзэж байгаа” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.


Тэрбээр цааш нь хэлэхдээ, бид Эдийн засгийн форумын өмнө ч тэр, форумоор ч тэр Монгол Улсын хөгжлийн “Алсын хараа-2050” бодлого ойрын хэдэн жилийн дотор Монголд ямар тусгалаа өгөх талаар хэлэлцсэн. Эдийн засаг сэргэж буйтай холбоотойгоор дагаад хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Гэхдээ хөрөнгө оруулалтыг ялгаатай авч үзэх хэрэгтэй. Жишээ нь, уул уурхайн салбар байна. Уул уурхайн салбар хэдийгээр өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн ноён нуруу болж байгаа ч энэ салбар руу бүх хөрөнгө оруулалт явж болохгүй.



Монголд ноос, ноолуураас аваад эрчим хүч зэрэг хөрөнгө оруулалт татах олон салбар байна. Гагцхүү нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлох учиртай. Энд би ялангуяа эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хэрэгтэй байгааг зориуд онцлон хэлмээр байна. Яагаад гэвэл Монголд төдийгүй, Төв Азид эрчим хүчний хэрэглээ өдөр тутамд өсөж байна. Шинэчлэгдэж нөхөн сэргээгдэх эрчим хүчний асуудалд аль аль талдаа анхаарах учиртай. Энэ талаар Монголын нийгэмд яриа хөөрөө болж буйг бид мэдэрч байгаа. Манай банк ч үүнд онцгой ач холбогдол өгч байгаа. Монголд сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэж эхэлбэл БНХАУ руу экспортлох боломжтой болно хэмээн хэлсэн юм.


Түүнчлэн “Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд юу хийх ёстой вэ? Хууль эрх зүйн орчноо сайжруулах уу, аль эсвэл өөр зүйлээс эхлэх үү? гэсэн асуултад тэрбээр, төр, засгийн үйл ажиллагааг сайжруулж, засаглалын шинэчлэлийг хийх нь чухал байгааг онцолсон юм. Энэ нь эдийн засагт төсөв, хөрөнгийн зардлыг багасгаж, орлогыг нэмэгдүүлснээр ач холбогдол, хувь нэмрээ өгнө гэдгийг тодотгов.


Мөн, энд ялангуяа нийгэм, эдийн засаг, бизнесийн тал дээр иргэний шүүхийн үйл ажиллагааг сайжруулахад анхаарах хэрэгтэй. Шүүхийн шийдвэрүүд үнэн зөв гарч байх юм бол энэ нь засаглалаас гадна эдийн засагт хөрөнгө оруулалтыг татахад дэмтэй. Монголд өнөөдрийн байдлаар зөвшөөрөл, лицензийн тоог багасгах, хөрөнгө оруулалтын нэг цонхны үйлчилгээний үйл ажиллагаа үгүйлэгдэж байна. Засаг, төрийн тогтвортой байдал, эдийн засгийн тогтвортой байдал чухал юм хэмээн онцлон хэллээ. 

Холбоотой мэдээ