ЗАВХАН: Наадмын нээлтэд 1000 гаруй хүн оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-07-27 16:12:24

Улиастай/МОНЦАМЭ/.Тус аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадам эхэллээ. Аймгийн баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар найрууллаа.


Наадмын нээлтийн үйл ажиллагааны урлагийн бүрэн хэмжээний тоглолтод 1000 гаруй хүн оролцжээ. Наадмын агуулгыг тус аймгийн онцлог, түүх, ёс заншлаас харуулж, уугуул нутгийн онцлох соёлын биет бус өвүүдийг сурталчлан зохиомжилжээ.



Тухайлбал, хутагтуудын өлгий нутаг учир тус аймгаас төрөн гарсан хувилгаад хутагтуудын түүх, хүннүгийн үеийн түүхийг өгүүлсэн зохиомжууд, бурхан шашны бэлгэдэл, уран нугараачдын үзүүлбэрүүд, хөгжил дэвшлийн түүхийг өгүүлсэн зохиомжууд, тус нутгаас төрөн гарсан дорнын их найрагч Бэгзийн Явуухулангийн утга төгөлдөр шүлгийн мөртүүд гээд баялаг түүхийг багтаасан нээлтийн үзүүлбэрүүдийг наадамчдад толилууллаа. 


Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр наадмыг нээж, түүхэн 100 жилийн ойн наадамд хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид, наадамчдад талархал илэрхийлэв. Мөн Монгол улсын гавьяат жүжигчин, поп дива дуучин С.Наран, Зууны манлай “Соёл-Эрдэнэ” хамтлагийн гоцлол дуучин,  гавьяат жүжигчин, СУИС-ийн хүндэт профессор Ч.Насантогтох, Завхан аймгийн уугуул урлаг соёлын одууд ая дуугаа өргөлөө. 



Холбоотой мэдээ