Сургууль, цэцэрлэгүүдийн засвар дуусч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-09-14 16:40:30

Дархан-Уул аймгийн боловсролын байгууллагуудад хийгдсэн засварын ажлууд эхнээсээ дуусч улсын комисс хүлээн авч эхэллээ.

Улсын төсвийн 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дархан сумын 9 дүгээр сургуулийн барилгын дээврийг засварлаж улсын комисс хүлээн авсан бол тус сумын 12 дугаар цэцэрлэг 29 сая төгрөгийн ялтсан бойлер шинээр тавьсан, 23 дугаар цэцэрлэг улсын төсвийн 35 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар дулааны шугамаа засварлах, 7 дугаар цэцэрлэг гал тогооны өргөтгөл зэргээ улсын төсвийн 35 сая төгрөгөөр тус тус засварлажээ.

Мөн “Жигүүр” цогцолбор сургуулийн дэргэдэх 100 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилгын суурийн ажил дуусч нийт ажлын гүйцэтгэл 45 хувьтай. 2016 оны Улсын төсөвт санхүүжилт нь батлагдаагүй боловч өвөлжилт хүндрэлтэй сургууль, цэцэрлэгийн санхүүгийн асуудлыг аймгийн удирдлагууд БСШУСЯ-ны холбогдох хүмүүстэй хэлэлцэн шийдвэрлэжээ. Тухайлбал: Дархан сумын 4 дүгээр цэцэрлэгийн бохир усны шугамын засвар, нэгдүгээр сургуулийн гадна цэвэр усны шугамын засвар, “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургуулийн дээврийн засварын санхүүжилтийг БСШУСЯ-ны 104 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ойрын хугацаанд засварлахаар болсон” гэж аймгийн Боловсрол, Соёлын газрын дарга Р.Батжаргал орон нутгийн сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлдээ онцлов.

                                                                                                                           Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ