ДАРХАН-УУЛ: Сяньбигийн үеийн бунхант булшны малтлага, судалгааны ажил үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-07-31 15:27:22

Дархан /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Говил уулын ар бэлээс Сяньби улсын хаад, язгууртны бунхант булш олдсон. Уг судалгааг Улаанбаатар Их Сургуулийн Археологийн тэнхимийн Профессорын хоёрдугаар багийн ахлагч, доктор Т.Идэрхангайгаар ахлуулсан судалгааны баг малтан судалж байна. 


Тодруулбал, Т.Идэрхангай ахлагчтай судалгааны анги нь 2019 онд Дархан-Уул аймгийн Хонгор сумын Говил уулын баруун бэлд 18 тооны бүлэг оршуулгын дурсгалыг анх бүртгэн баримтжуулсан. Улмаар анхны малтлага судалгааны ажлыг 2021 онд эхлүүлж Сяньбичүүдийн үлдээсэн дурсгал болохыг тодорхойлсон юм.


Тус судалгааны анги өнгөрсөн 2022 оны зургаадугаар сард хоёр бунхант булшийг сонгон малтан судалж 26 дэсийн 28 ширхэг олдворыг танилцуулж байсан бол энэ жил аймгийн Засаг даргын дэмжлэг, орон нутгийн санхүүжилтээр малтлага судалгааны ажлыг 6 дугаар сарын 25-наас эхлэн үргэлжлүүлэн хийж байна.



Малтлагын сониноос дурдвал: Өнөөдрийн байдлаар бунхны хойд талд бүтэн хоёр язгууртны хөндөгдөөгүй (арай малтаж гараагүй) оршуулга зэрэгцээ байгаа. Бунхны үүдэнд тэдгээрийг дагалдуулж тавьсан хоёр хүн (зарц бараа бологсод гэмээр хоёр хүнийг язгууртан руу харуулж суугаа болон хагас суугаа байдлаар тавьсан), 20 гаруй шавар ваар, сав болон ан, амьтад илэрсэн. Хамгийн сонирхолтой нь дал, дөрвөн өндөр дагалдуулсан нь судалгааны ажлыг улам сонирхолтой болгож байна гэж Улаанбаатар Их Сургуулийн Археологийн тэнхимийн Профессорын хоёрдугаар багийн ахлагч, доктор Т.Идэрхангай онцолж байна.



Том хэмжээтэй бунхант булш нь эрт үед тоногдсон хэдий ч Монголын эртний түүх, тэр дундаа Сяньбичүүдийн түүхэнд урьд өмнө илэрч байгаагүй онцгой өвөрмөц олдворууд илэрч, олдсоноороо онцлог гэж тэд тайлбарлаж байна. Энэхүү бүлэг дурсгал нь Айрагийн гозгорын дурсгалтай гадаад болон дотоод зохион байгуулалтаараа ерөнхийдөө ижил ч зарим талаараа гадаад зохион байгуулалтын хувьд Айрагийн гозгорт байхгүй хэв шинжтэй, өвөрмөц зохион байгуулалттай гэдгийг ч судалгааны багийнхан хэллээ.


Энэ оршуулгын дурсгалт газар нь Сяньбичүүдтэй холбоотой Монгол нутгаас илрэн олдоод буй 2 дахь том оршуулгын газар тул түүхэн чухал ач холбогдолтой аж. Малтлага судалгааны ажил үргэлжилж буй бөгөөд удахгүй энэ жилийн олдворуудыг танилцуулахаар төлөвлөжээ.


Ташрамд дурдахад, Айрагийн гозгор гэдэг нь Орхон аймгийн Жаргалант сумын төвөөс зүүн тийш 7км зайд орших Айрагийн гозгор гэдэг нүцгэн уулын өвөрт орших Хүннүгийн хожуу үеийн том, жижиг нийлсэн 90 гаруй бүлэг дурсгал аж.

Холбоотой мэдээ