Хүн төрөлхтөний “экологийн өр” зузаарсаар байна

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2023-08-04 15:00:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ долоо хоногт дэлхийн байгаль хамгаалагчид Earth Overshoot Day буюу “Дэлхийн экологийн өрийн өдөр” гэдэг гунигтай нэртэй арга хэмжээг зохион байгууллаа.


Эх дэлхий маань нэг жилийн дотор нөхөн сэргээж чадах хэмжээнээс илүү их нөөц баялгийг хүн төрөлхтөн тухайн жилдээ хэрэглэж эхэлж буй тэр өдрийг  “Экологийн өрийн өдөр” гэж нэрлэдэг байна. Ийм нэршлийг анх АНУ-ын Global Footprint Network (GFN) гэдэг байгууллага бий болгожээ.


Энэ оны хувьд хүмүүс бид хэрэглэх ёстой нөөц баялгаа 8 дугаар сарын 2-ны лхагва гарагт гэхэд шавхан дуусгаж, “экологийн өр”-нд орсноор ирээдүй хойч үеийнхэн маань хэрэглэх ёстой баялгаас зээлээд амьдарч эхэллээ. 


“Өрийн өдөр”-ийг хагас зуун жилийн өмнө буюу 1970 онд анх тэмдэглэсэн бөгөөд тухайн өдөр нь 12 дугаар сарын 29-нд тохиож байв. Өөрөөр хэлбэл, хүмүүс бид эх дэлхийнхээ нөхөн сэргээгдэх нөөц баялгийг маш хямгатай ашиглаж байжээ гэсэн үг.  Харамсалтай нь, тэр үеэс хойш дэлхийн хүн амын тоо эрс өсөж, амьдрал ахуй нь сайжрахын хэрээр хүрээлэн буй орчноо сүйтгэх нь улам нэмэгдсээр байна. Улмаар 1990 он гэхэд, Экологийн өрийн өдөр 10 дугаар сарын 11-нд, 2000 онд - 9 дүгээр сарын 23-нд, 2010 онд – 8 дугаар сарын 8-нд тус тус тохиож байсан нь үүнийг гэрчилнэ.


Дээр дурдсан GFN /Экологийн ул мөрийн дэлхий дахины сүлжээ/байгууллагын хийсэн тооцоогоор, хүн төрөлхтөний өнөөгийн хэрэгцээг нөхөн сэргээгддэг нөөц баялгаар хангахын тулд эх дэлхийгээ 1,75 дахин томруулах шаардлагатай болж байна. Өөрөөр хэлбэл, хүмүүс бид жил тутмын хэрэглээгээ ¾-аар хэтрүүлчихдэг  гэсэн үг.  Үүний улмаас ой мод устаж, гол мөрөн ширгэж, хүнсний хомсдол үүсэж, байгалийн элдэв гамшиг нүүрлэж байна. Чухам ийм учраас Дэлхийн экологийн өрийн өдөр”-ийг тэмдэглэж, манай гарагийн ирээдүй аюулд өртөөд байна шүү гэдгийг хүмүүст сануулж буй хэрэг юм.


Тэгэхээр хойч үеийнхээ өмнө тавьсан өрөө багасгахын тулд хүмүүс бид амьдралын хэвшлээ өөрчлөх цаг нэгэнт болжээ. Тухайлбал, мах хэрэглэхээ багасгаж, хог хаягдлаа дахин боловсруулж, гадагш гарахдаа гэрлээ унтрааж, шүршүүрт орох хугацаагаа багасгаж, шүдээ угаах үедээ усаа хаах зэргээр эх дэлхийнхээ нөөц баялгийг хямгатай ашиглаж сурах нь зүйтэй.


Ташрамд дурдахад, 8 дугаар сарын 2 гэдэг бол дундажлаж гаргасан огноо юм. Тодруулбал, өндөр хөгжилтэй орнууд 2 эсвэл 3 дугаар сард экологийн өрөнд ороод эхэлдэг бол байгаль хамгаалах хөтөлбөрүүдийг идэвхтэй хэрэгжүүлдэг Европын орнууд 5-6 дугаар сард хэрэглэх ёстой нөөцөө дуусгадаг байна. Шинжээчдийн хийсэн тооцоогоор, хэрвээ дэлхийн бүх хүн германчууд шиг хэрэглээтэй байх аваас “өрийн өдөр” маань 5 дугаар сарын 4-нд тохиох ажээ.



Өнгөрсөн оны хувьд “экологийн өрийн өдөр” 7 дугаар сарын 28 буюу энэ жилийнхээс 5 өдрийн өмнө тохиосон нь хүмүүсийн хэрэглээ багассан мэт дүр зураг харагдана. Харин GFN байгууллагын шинжээчдийн үзэж байгаагаар, ийм үзүүлэлт нь цар тахлын нөлөөгөөр эдийн засгийн өсөлт буурсан, эсвэл эрчим хүчний салбараас ялгарч буй нүүрсхүчлийн хийн хаягдлыг бууруулсны үр дүн үү гэдэг нь хараахан тодорхойгүй байгаа аж.    


Эцэст нь дурдахад, ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс бидний өр тэглэгдэхгүй, харин улам ихээр хуримтлагдах бөгөөд зөвхөн өрийн тоолуур 0-гээс эхлэн ажиллана гэсэн үг.   

Холбоотой мэдээ