Монгол туургатнууд дэлгэр сайхан наадав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-06 21:25:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүй долоо худагт хоёр өдрийн турш үргэлжилсэн “Даншиг наадам-Хүрээ цам-2023”-ын үндэсний бөхийн барилдаанд хүчит 256 бөх зодоглож, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Сокол" ХХК, "Хатант интернэшнл" ХХК, "Бөхбилэгт" дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар түрүүллээ.


Харин Төв аймгийн Сүмбэр сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Билэгт жонон" ХХК, "Дүнжингарав" дэвжээний бөх, улсын начин Г.Ганжад үзүүрлэв. Дөрөвт улсын заан Б.Бат-Өлзий, улсын харцага С.Сүхбат нар шалгарлаа. Мөн улсын арслан М.Бадарч, улсын начин Б.Даваа-Очир, Т.Дүгэрдорж нар шөвгөрөв.


Бөхийн барилдааны 3, 4, 5-ын даваануудад Улсын начин Э.Ванданцэрэн, Улсын өсөх идэр начин Н.Мустафа, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун нар барилдахгүйгээр тахимаа өгөх, гарч ирэхгүй байх, идэвхгүй барилдах зэрэг үйлдэл гаргасан тул наадмыг үл хүндэтгэсэн хэмээн Цэц үзэж, барилдааны үеэр "Самъяа" хийдийн бөх, аймгийн начин Б.Галсайханыг хаслаа. Дээрх гурван бөхөд хариуцлага тооцохыг МҮБХ-ны Ёс зүй, сахилга, хариуцлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэх аж.


Даншиг наадмын бас нэг онцлог нь Өвөрмонгол, Буриад бөхийн барилдаан болсон юм.

Өвөрмонгол бөхийн барилдаанд 64 бөх зодоглож, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Пирамид орд" ХХК, "Түшээт ханы аварга дэвжээ"-ний бөх, улсын өсөх идэр начин Э.Даш түрүүлж, Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Мөнхөд Ашдын зам" ХХК, "Нэгдэл" клуб, "Даян" дэвжээний бөх, улсын харцага Ш.Пүрэвгарьд үзүүрлэлээ. Дөрөвт Дундговь аймгийн арслан Х.Батбаяр, ӨМӨЗО-ны бөх Батжаргал нар шалгарав.


Түүнчлэн, Буриад бөхийн барилдаанд 64 бөх хүч үзсэнээс Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, "Алдар" спорт хороо, ОСНААУГ, "Их Монголын хүчтэн" дэвжээний бөх, аймгийн харцага Б.Өлзийсайхан түрүүлж, Ховд аймгийн Булган сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Булган өгөөж", "Нэгдэл" клуб, "Ховд" дэвжээний бөх, улсын харцага Г.Ганхуяг үзүүрлэв. Дөрөвт Говьсүмбэр аймгийн арслан Б.Гончигтавхай, Дорнод аймгийн заан Г.Төрболд нар шалгарлаа.

Холбоотой мэдээ