Ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс сэргийлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-07 09:53:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Прокурор ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс хамгаалах, сэргийлэх зорилгоор хорих, үүнээс өөр төрлийн ял эдлүүлэх, цагдан хорих, баривчлах, саатуулах шийдвэрийг биелүүлэх ажилтай өнгөрсөн сард 379 удаа танилцаж, 10 шалгалт, нэг судалгаа хийв.


Шалгалтын явцад холбогдох хууль, журмыг зөрчсөн, хангалтгүй хэрэгжүүлсэн 50 зөрчил илрүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 5 шаардлага хүргүүлэн зөрчлийг арилгуулжээ. Прокурор ял эдлүүлэх ажиллагааны явцад хуулиар олгосон эрх нь зөрчигдөж байсан нэг ялтан, этгээдийн эрхийг сэргээж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулсан байна.


Мөн ШШГБ-аас ял солиулах, ялтны зорчих бүсийг өөрчлүүлэх талаар 71,  хоригдлыг хугацааны өмнө суллах талаар 130 санал ирүүлснийг прокурор хянаж, хуульд заасан шаардлага хангаагүй 48 саналыг буцаан, шаардлага хангасан бусад саналд дүгнэлт бичин шүүхээр шийдвэрлүүлжээ.


Тухайлбал, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй 4, нийтэд тустай ажил хийлгэх ялыг гүйцэтгээгүй 13, зорчих эрхийг хязгаарлах ял эдлэхээс зайлсхийсэн 14 хүний ялыг хорих ялаар солиулж, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын тодорхой хувийг эдэлсэн 86 хоригдлыг хугацааны өмнө сулласан аж.

Холбоотой мэдээ