Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд тайлангаа танилцуулж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-08-09 08:36:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржийн I болон II ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниуд энэ оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд нээлттэй танилцуулж эхэллээ.


Дээрх үйл ажиллагаа “Монголын Хөрөнгийн бирж” ХК-ийн тайлангийн танилцуулгаар наймдугаар сарын 7-ноос эхлээд байна.


“Монголын Хөрөнгийн бирж” ХК-ийн хувьд тайлант хугацаанд үйл ажиллагаанаас нийт 5 тэрбум төгрөгийн орлогыг олж, (2.6 тэрбум төгрөгийн зардлыг санхүүгийн тайланд хүлээн зөвшөөрснөөр) 2.4 тэрбум төгрөгийн татварын өмнөх цэвэр ашигтай ажиллажээ. Улсын төсөвт нийт 429.3 сая төгрөгийн татвар, шимтгэлийг төлжээ.


Хувьцаат компаниудын тайлангийн танилцуулга сарын турш үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд иргэд, олон нийт хувьцаат компаниудын санхүүгийн голлох үзүүлэлт, онцлох үйл явдлын тойм, хөрөнгийн зах зээлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох үнэ цэнэтэй мэдээллүүдийг хүлээн авах боломжтой аж.


Холбоотой мэдээ