Бирталан Агнеш: Монгол судлалыг дагалдах гэхээсээ бие даасан, сонгодог утгаар нь авч явах хэрэгтэй

ТОЙМ
b.tuul@montsame.gov.mn
2023-08-10 10:28:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй Олон улсын монголч эрдэмтний XII их хурал өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлж байгаатай холбогдуулж, Унгар Улсын Өтвөш Лорандын нэрэмжит (ELTE) их сургуулийн Монгол ба Төв Ази судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Бирталан Агнештай Олон Улсын Монгол Судлалын Холбооны Ерөнхийлөгчийн хувиар ярилцлаа.


-Та монгол судлалын өнөөгийн байдал ямар түвшинд байна гэж боддог вэ?

-Би сая Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурлын эхэнд “Монгол судлалын өнөөгийн байдал” сэдвээр илтгэл тавилаа. Илтгэлээрээ хэд хэдэн асуудлыг хөндлөө. Юуны түрүүнд монгол судлалын үндэс суурийн талаар танилцууллаа. “Сонгодог монгол судлал”, “дагалдах маягтай хөгжиж буй монгол судлал” гэж юу болох талаар илтгэлдээ дурдсан. Сонгодог монгол судлал гэдэг нь монгол хэл, соёлыг олон талаас нь үзэж судалж байгаа явдлыг тэгж нэрлэж байгаа юм. Орос, Польш, Унгар зэрэг нь сонгодог монгол судлалыг хөгжүүлж яваа орнууд юм. Учир нь эдгээр улс оронд XIX зуунаас монгол судлалыг хөгжүүлж эхэлсэн тул ингэж хэлэх бололцоотой. Зарим улс орон хятад, манж, төвөд зэрэг судлалыг дагалдуулж зөвхөн монгол хэл, соёл, түүх, угсаатны зүй зэрэг ганц нэг салбарыг судлан хөгжүүлж байгааг нь дагалдах монгол судлал гэж хэлээд байгаа юм. 


Үүний зэрэгцээ судалгааны ажлаа тасралтгүй хийж байгаа судлаачдаас гадна нийгэм, эдийн засаг, улс төр зэрэг өөр бусад сэдвээр бичиж нийтэлж буй хүмүүсийг монгол судлаач гэж авч үзэх боломжтой юу? Эсвэл Монголыг судалдаг, эдийн засаг, улс төр зэрэг сэдвээр ажилладаг эрдэмтэд үү гэсэн асуултыг дэвшүүлсэн. Яагаад гэвэл, монгол судлаач гэдэг хэн бэ гэдгийг бүгдээрээ дахин нэг удаа тогтож бодох хэрэгтэй гэж үзэж байна. Түүхийг гажуудуулах, буруу тайлбарлах явдал бүх цаг үед байсан. Ганц нэг хүн дээр ийм дутуу дулимаг ажлын гүйцэтгэл гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ сүүлийн үед ийм явдал бас бус тохиолдолд илэрч байна. Иймд монгол судлаачийн нэр хүндийг сайтар хадгалахад ихээхэн анхаарах хэрэгтэй. Энэ асуудал бол зөвхөн монгол судлал дээр ажиллаж буй гаднын эрдэмтдэд хамаатай асуудал биш. Монголчуудад өөрсдөд нь ч хамааралтай ойлголт юм. Учир нь, нэгэнт чиг хандлага болж тогтвол нөхцөл байдал аюултай түвшинд хүрэх тул сануулга маягаар энэхүү асуудлыг илтгэлдээ дурдсан. 


XXI зууны босгон дээр дэлхийн олон улс оронд өөрчлөлт гарч, хүмүүнлэг болон хэл бичгийн ухааны суурь дээр бий болсон монгол судлалыг дэмжихгүй байх үзэгдэл газар авсан. Яг тэр цаг мөчид Монгол Улсын Засгийн газар хилийн чанад дахь монгол судлалыг ихээхэн анхаарч дэмжих болсон нь маш зөв зүйтэй, нүдээ олсон дэмжлэг болж чадсан юм. Өөрөөр хэлбэл, Чех, Герман, Польш, Унгар зэрэг орон дахь уламжлалт төвүүд гэлтгүй шинэ төвүүд, эрдэмтэн судлаачдыг ч мөн ялгаагүй санхүүжүүлэх болсон нь ихээхэн зөв ажил болсон. Харин цар тахал дэгдсэнээр гадаад дахь монгол судлалын ажил, түүний хөгжлийг царцаасан гэхэд болно. Тиймээс уламжлалт болон шинээр байгуулагдаж буй монгол судлалын төвийн үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газар ихээхэн анхаарч, хөрөнгө санхүүгийн тал дээр үзүүлдэг дэмжлэгээ хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй юм.  


Ер нь Монгол судлалын хөгжлийг өндөр түвшинд хүрсэн гэж хэлж болно. Гэхдээ монгол судлалыг дагалдах гэхээсээ бие даасан, сонгодог утгаар нь авч явах хэрэгтэй.


-Монгол судлал хэзээгээр үүссэн бэ гэж асуух нь өрөөсгөл юм шиг. Ямар ч улс орон хөршөө таньж мэдэх, харилцан ойлголцох үүднээс бие биеэ тандан судалж ирсэн байх. Харин шинэ цагийн монгол судлал хэзээнээс эхлэлтэй вэ гэж асуух нь зөв юм болов уу гэж бодож байна? 

-XIX зууны үеэс эхлэлтэй гэж үздэг. И.Я.Шмидт, О.Ковалевский зэрэг эрдэмтэд монгол хэл, соёл, буддын шашны тухай мэдээллийг цуглуулж, эх сурвалжуудыг шинжилж үзсэн байдаг. Тэд хэл зүйн толь бичгүүдийг хэвлүүлж, Монголын түүхийн эх сурвалжуудыг орчуулсан юм. Унгарт гэхэд хээрийн судалгаан дээр үндэслэж, монгол судлалын суурийг тавьсан байх жишээтэй. Түүнээс улбаалж дорно дахины судлаачид дотроос чадалтай, монгол чиглэлээр идэвхтэй ажилладаг хүмүүс хэд хэдээрээ төрөн гарч, улмаар Монгол судлалын төвийг байгуулсан. Тухайн үеийн эрдэмтэн судлаачид хэл бичгийн ухааныг гарамгай эзэмшсэн хүмүүс байсан. Тиймээс хэл бичгийн ухаан дээр монгол судлал төвлөрч хөгжсөн гэж хэлж болно. Дараа нь түүхчид, нийгэм, эдийн засаг, улс төр гээд дараа дараагийн судлаачид энэ талбар руу орж ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл, монгол судлаач хүн бол хэлний мэдлэг өндөртэй байх ёстой. Эсвэл монгол хэл сайн мэддэг юм уу монгол хүнтэй хамтрах зарчмаар ажиллах бололцоотой. 


-Монгол судлалын хөгжлийг үечилж авч үзэх бололцоотой юу. Цаг хугацааны хувьд үечлэх юм уу эсвэл тухайн нэр алдартай эрдэмтний ажиллаж байсан хугацаагаар нь тодотгож ярих ёстой юу? 

-Миний бодлоор, алинаар ч ярьж болно. Унгарын жишээгээр авч үзвэл, сонгодог маягийн монгол судлал зөвхөн Будапештэд байна. Өөр нэг хотод монгол судлалыг хөгжүүлдэг ч зөвхөн алтай судлалыг авч үздэг. Манай ЭЛТЭ их сургууль бол сонгодог маягийн монгол судлалыг хөгжүүлсээр өнөөдрийг хүрлээ. Манайд ч гэсэн энэ судлаачийн үе, тэр эрдэмтний үе гэж ярих нь бий. Би гэхэд гурав дахь үеийн залгамжлагч судлаач юм. 


-Нийгэм хөгжихийн хэрээр судлагдахууны нэр төрөл нэмэгдэж байдаг байх. Сүүлийн үед ямар судлагдахуун шинээр орж ирж байна вэ?

-Нийгэм өөрчлөгдөх тутам судлаачдын барьж авч байгаа өнцөг олширч байна. Тухайлбал, монголчуудын орчин үеийн амьдралын хэв маяг нүүдэлчний ахуй хоёрын хоршил, нийгмийн хэрэгцээтэй уялдан өөрчлөгдөж буй монгол дээлний загвар гэхчлэн судалж байгаа хүн байна. Гэхдээ ийм судалгааг хийхэд монгол орон, монголчуудыг уг углуургаар нь таньсан хүн л энэ мэт судалгааг бодитоор нь хийнэ. Хэрэвзээ монгол орон, монголчуудын түүх соёлыг таниагүй хүн бол ултай, буурь суурьтай судалгаа хийх бололцоогүй юм.


-Оюутан шавь нараа харахад монгол судлаач болъё гэсэн залуус хэр олон тааралдах юм?

-Бид монгол судлаачдыг бэлтгэж байна. Гэхдээ монгол судлаачийг бэлтгэж гаргана гэдэг цаг дээрээ тийм амар ажил биш. Нөгөө л санхүү хөрөнгө, бодит дэмжлэгийн асуудал яригддаг. Нөгөө талдаа монгол судлаач болъё гэж зорьж байгаа хүн хэл сайн сурсан байх ёстой. Монголчуудыг сайн ойлгодог байх хэрэгтэй гэсэн үг. Миний хэлэх дуртай нэг үг байдаг. “Усыг нь уувал, ёсыг нь дага” гэж. Ингэж чадахгүй бол тухайн судлаачийг монголчууд хүлээж авахгүй байх талтай. 


Нөгөөтэйгөөр би их сургуулиас зарласан лекцийг манай ЭЛТЭ-гийн бүх оюутнуудын дунд зарладаг. Тэрхүү лекцээрээ Монгол ба Төв Азийн нүүдэлчид, бөө мөргөл, буддын шашин, түүний зан үйл гэх зэрэг сэдвээр яриа хийдэг. Энэ үед оюутнууд бөөн бөөнөөрөө ирдэг. Ингэхдээ 150, заримдаа 200 хүн нэг дор цугларч, Монгол орны талаарх бодит байдлыг сонсдог. Тэдгээр хүмүүс бол монгол судлаачид биш шүү дээ, ганц хоёр монгол судлаач суудаг ч олонх нь өөр төрөл мэргэжлийнхэн байдаг. Ийм төрлийн лекц унших нь бас  их чухал.  


-Та түрүүнд өөрийгөө гурав дахь үеийн монгол судлаач гэлээ. Та гарын шавиа бэлдсэн үү?

-Байлгүй яах вэ. Миний орыг залгах 4-5 шижигнэсэн судлаач бий. Орон тооны ажлын байргүй ч судалгаагаа тогтмол хийгээд явдаг судлаач ч байна. Чухам хэн залгамж халаа маань болж ажиллах нь вэ, харж л байя, тийм ээ. 


-Монгол судлалын төвүүд хаана идэвхжиж, мөн хаана үйл ажиллагаа нь бүдгэрч байна вэ?

-Европын уламжлалт төвүүдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Итали, Австри, Эстонид шинэ судлаачид төрөн гарч байна. Би бүх асуудлыг Монгол Улсын Засгийн газраар шийдүүлэх бодолгүй. Тухайн улс орон ч гэсэн монгол судлалд анхаарах нь зүйтэй. Монгол Улсын эдийн засаг, ялангуяа уул уурхай бол сонирхол татахуйц салбар шүү дээ.


-Нөгөө талдаа манай улс ч гэсэн хэн хаана манайтай хамааралтай судалгаа хийж байна вэ гэдгийг анзаарч байх ёстой гэсэн үг үү?

-Тийм тийм. Наадах чинь их үнэн үг. Би хэнийг анзаарч, хэнийг дэмжих ёстойг хэлэх албагүй. Монголчууд л өөрсдөө шийдвэрлэх асуудал.


-Монгол судлалыг хөгжүүлэх зайлшгүй хүчин зүйл гэвэл та юуг нэрлэх вэ. Бид дэлхий дээрх сүүлчийн нүүдэлчид болохоор уу? Таны бодлыг сонсмоор байна?

-Сүүлийн үед тогтвортой хөгжил гэж их ярьдаг болчихлоо. Цар тахлын өмнө гэж бодвол, 4-5 жилийн өмнө юм байна. Англид хэрэгжсэн нэг төсөлд би оролцсон юм. Тэрхүү төсөл нь дэлхий даяар уламжлалт маягаар хэрхэн амьдарч болох вэ, амьд байгалийг сүйтгэхгүйгээр хэрхэн оршин тогтнож болох вэ гэсэн асуудлыг хөндсөн байсан. Төслийн хүрээнд монголчуудын нүүдэлчин ахуйг жишээ татаж бичсэн. Сүүлд нь бараг дөрвөн хуруу зузаан ном хэвлэгдэн гарсан байсан лээ. Одоогийн нийгэмд монгол нүүдэлчдийн эртний мэдлэг хувь нэмрээ оруулж чадна гэдэгт эргэлзэшгүй.


-Та монгол судлалын ирээдүйг хэрхэн харж байна вэ?

-Би ахмад судлаачдын нэгд зүй ёсоор орох болчихлоо. Дараагийн үе залгамжлагчид бидний гар дээр байна. Цаашид энэхүү судлалыг хэрхэн өргөж явах нь залуу үеийнхний хариуцлага, сахилга баттай холбоотой байх нь тодорхой. Мөн манай Монгол судлалын холбоо үеийн үед өөрийн үүргийг нэр төртэй гүйцэтгэсээр ирсэн, хойшид ч гүйцэтгэж таарна.

Холбоотой мэдээ