Ш.Ариунаа: Чингис хаан улс хоорондын соёлын харилцааг үндэслэгчийн нэг байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-08-12 13:33:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын Монголч эрдэмтний XII их хурлын “Монголын нийгэм, эдийн засаг, улс төр, хууль цааз” сэдэвт гуравдугаар салбар хуралдаан үргэлжилж байна. Энэ салбар хуралдаанд шинжлэх ухааны доктор, профессор Ш.Ариунаа “Их засаг” хуулийн социологи шинжлэлийн арга зүй” сэдэвт бие даасан нэг, мөн хамтарсан “Дэлхийн соёл хоорондын харилцааны уламжлал" гэсэн хоёр илтгэл тавьсан юм.


Тэрбээр, илтгэлдээ “Их засаг” хууль гэдэг олон талаараа монголчуудын ёс суртахууны үнэт зүйлс, монголчуудын хууль эрх зүйн амин сүнс болж ирснийг дурдлаа. Тодруулбал, “Их засаг” хуулийг монголчуудын дэг журам, зохион байгуулалт, удирдахуйн ухаан талаас нь судалснаа хэллээ.


“Миний хувьд “Их засаг” хуулийн нийгмийг бүрэлдүүлж буй бүрэлдэхүүний хэсэг бүр нь ямар онцлогийг хадгалж байгааг нийгэм социологи талаас нь гаргаж, нийгмийн эд эсээр тооцон үзэхэд одоогийн нийгэм ямар байвал зохистой байна вэ гэдэг талаас нь өгүүлж, энэ талын арга зүйн концепцийг судлаач нарт санал дэвшүүлсэн” гэдгийг тодотгов.


Харин түүний хоёр дахь, хамтарсан илтгэлийн сэдэв “Дэлхийн соёл хоорондын харилцааны уламжлал”-д тулгуурлажээ. Тэрбээр илтгэлдээ, эртний монголчууд, ялангуяа Их эзэн Чингис хаан дэлхийн улс орны дунд соёл хоорондын харилцааг үндэслэгчийн нэгд тооцогддогийг тодотгосон юм. Энэ талаас буюу соёл хоорондын онол, арга зүйн хувьд одоо бид юуг анхаарч судалгаагаа өргөжүүлж хөгжүүлэх гэдэг дээр мөн санал дэвшүүлснээ хэллээ. Мөн Чингисийн судлал гэдэг зөвхөн Чингис хааныг судалж буй бус, монголчуудыг, тэдний сэтгэлгээг, Монгол орныг судалж байна гэсэн үг юм гэдгийг илтгэлдээ онцолсон юм.


Түүнээс Олон улсын монголч эрдэмтний Их хурлын онцлог, ач холбогдлыг тодруулбал, Монголч эрдэмтний Их хурал 1959 онос эхтэйг дурдаад, тухайн үед эхлэхдээ Монгол эх сурвалж бичиг дээр ажиллаж байсан монголч эрдэмтэд цуглан, монгол хэл бичиг, хэл шинжлэл болон уран зохиолын судлалаар эхэлж байсан. Тэгвэл өнөөдөр монгол судлал зөвхөн эх хэл, бичиг, соёл гэлтгүй олон салбарын хамран өргөжиж, салбар хуралдаанууд зохион байгуулагдаж, эдгээрт оролцох эрдэмтэн судлаачдын тоо өссөн гээд олон онцлох зүйлтэй хуралдаж байна гэв.


Монголч эрдэмтний Их хурал ингэж өргөжих болсон шалтгааныг тэрбээр, Монгол орон, монгол үндэстэн, монгол менталитет сэтгэлгээг судлах гэсэн олон улсын эрдэмтэн, судлаачдын оролдлого зөвхөн хэл шинжлэл, уран зохиолоос хальж, түүний цаана нийгмийн оршин тогтнох үндэс, монголчуудын аж амьдрал, монголчуудын сэтгэн бодож, бусад улс оронтой харьцаж байсан харилцаа, соёл, урлаг, түүх, соёл хоорондын харилцаа, түүгээр зогсохгүй хууль цааз, эдийн засгийн хувьд оршин тогтнож байсан нь сонирхлыг татаж байна гэлээ.


Монголч эрдэмтэн судлаачдын олон жилийн болон сүүлийн үеийн судалгаанууд аяндаа дээрх чиглэл сэдэвт хандаж байна. Тэдгээр судалгааны үр дүнг тайлагнадаг их том арга хэмжээ нь Монголч эрдэмтний олон улсын чуулга уулзалт боллоо. Энд эрдэмтэн, судлаач нар олон талын мэдээллийг авч, мэдээллээ солилцож, бие биедээ туршлага өгч, санаа авч, цаашдын судалгааны томоохон сэдэв, чиглэлүүд гарч байгаа нь ач холбогдолтой юм гэв. 

Холбоотой мэдээ