БАЯН-ӨЛГИЙ: Б.Бекболат: Аялагчдаас үндэслэлгүй төлбөр, хураамж авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-08-18 10:39:20

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Аялал жуулчлалын холбоо нь зарим сумууд тус аймгийн нутгаар аялж буй аялагчдаас үндэслэлгүй төлбөр хураамж авч байна гэж үзэж байна.  


Энэ талаар аймгийн Аялал жуулчлалын холбооны тэргүүн Б.Бекболатаас тодрууллаа.


Тэрээр өгсөн тайлбартаа, "Аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаа сайжирч байгаа ч 2019 оныхтой харьцуулахад доогуур үзүүлэлттэй хэвээрээ байна. Харамсалтай нь орон нутагт аялагчдаас үндэслэлгүй мөнгө хураах явдал хавтгайрч, энэ салбарын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна. Сум болгон ямар ч тооцоо, судалгаагүй ханш тогтоож, ИТХ-аар тогтоол  гаргуулан гүүр болгон дээр мөнгө хурааж байгаа.


Жишээлбэл, Цэнгэл сумын Загаст нуур багийн нутаг дэвсгэрт орших Цагаан голын гүүрээр гарахад хогийн мөнгө нэрийдлээр хүн бүрээс 3000 төгрөг хурааж байна.  Тэнд нь нэг ч хогийн сав байхгүй. Аялагч нарт өгч буй хогийн уут ч алга. Авсан мөнгийг юунд зарцуулж байгаа нь тодорхой бус.


Бас нэгэн жишээ дурдахад, энэ сарын 11-ний өдөр Бугат сумын доод талд Ховд голын эрэг дагуу майханд хонож байгаа аяллын баг дээр сумын Засаг даргын орлогч, улсын байцаагч нь ирээд, “Та нар малын бэлчээрт майхан барилаа. Нэг майхнаас 15 мянган төгрөг хураамж авна” гэж хэрүүл хийсээр байгаад майхан тус бүрээс 8 мянга орчим төгрөг авсан. Тухайн газарт бие засах газар, хогийн цэг, аялагчдад үзүүлж байгаа ямар нэгэн үйлчилгээ байхгүй. Аялагчдаас мөнгө хурааж болно. Гэхдээ үндэслэлтэй байх ёстой. Монгол Улсын Засгийн газраас ирэх 3 жилийг Монголд зочлох жил болгон зарлаж, жилд 1 сая жуулчин хүлээж авах зорилт дэвшүүлсэн. Ийм байдалтай байвал аялал жуулчлалын салбар яаж хөгжиж, дэвшүүлсэн зорилтдоо хүрэх юм бэ?" гэв.


Аймгийн Аялал жуулчлалын холбооноос дээрх асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ,  аймгийн Засаг дарга А.Камелият нарт ханджээ.


Салбарын сайд тухайн асуудлыг нягтлан шалгаж танилцуулахыг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт чиглэл болгосон байна.

Холбоотой мэдээ